-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1989 онд түрүүлж аварга, 1990 онд түрүүлж даян аварга, тэр намраа “Монголын нууц товчоо”-ны 750 жилд зориулсан Даншигт түрүүлэн дархан аварга цолтны эгнээнд багтаж байлаа-
Төгс олхонуд Довдонгийн Данзан “Бөх” сонины 2012 оны аравдугаар сарын №35 дугаарт “Дархан аварга цол, цолтноос эхлэн өгүүлэх дөрвөн санал” асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлжээ.
Улсын наадамд тав түрүүлсэн бөхөд дархан аварга цол тухай дүрмийг хэлэлцэж байх үеэс хатуудна хэмээн саналаа нэмэрлэж явснаа учирлаад Монгол Улс дархан аварга цолтонгүй, дархан аварга цолгүй болох байдал илт боллоо. Иймд улсын наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгодог хууль дүрэмтэй болох шаардлагатай байна хэмээн бичжээ. Монголын үндэсний бөхийн өнөр бүлийн халуун тогоонд 20 гаруй жил чанагдаж яваа судлаач, эрдэмтний саналыг хэд хэд уншаад “Яагаад гурав түрүүлсэн бөх дархан аварга цолтой болж тохирохгүй гэж…” саналаа илэрхийлмээр бодогдлоо.
Улсын баяр наадмыг 50 жил үзэж, цөөнгүй наадмын мэдээг бичиж, нэг биш удаа бөхийн цол, эрэмбийн талаар санал бодлоо бичиж явсны хувьд баяр наадмын хуульд өөрчлөлт оруулахыг учирласан эрхмийн саналыг дэмжихийн зэрэгцээ өөрийн санааг бөх сонирхогч олонд дуулгах, цаг боломж ирж гэж ойлголоо. Нэгэн зүйл: Миний үзсэн, сонссон баяр наадмын түүх үүхээс өгүүлэхэд Улсын наадамд тав түрүүлж байж дархан цолонд хүрсэн цорын ганцхан бөх гэвэл Дарийн Дамдин билээ. Өгүүлж буй эрхэм 1956-1960 онд дараалан завсаргүй тав түрүүлснээрээ наадмын түүхэнд шинэ хуудас нээсэн ховор хүчтэн. Зөвхөн энэ баримтаас ургуулан бодвол улсын наадамд тав түрүүлээд дархан аваргын цолтой бөх тодролгүй хагас зуун жил өнгөрсөн байгаа биз дээ. Бусад дархан аваргууд нь улсын наадамд хоёроос дөрөв түрүүлсний дараа үндэсний бөхийн өндөр дээд цолонд хүрсэн байдаг юм. Дархан аварга цолтой болсноосоо хойш наадамд ахин дахин түрүүлсэн хэдхэн алдартнаа бөхчүүд, бөх шимтэн сонирхогчид андахгүй нь мэдээж. Жирийн үзэгч, уншигч нартаа Д.Дамдингаас бусад дархан аваргууд чухам хэрхэн яаж тодорсныг энд нэг сийрүүлээд орхиё.
1. Дархан аварга Б.Түвдэндорж. Үндэсний бөхийн ууган гавьяат мастер (1960 он), эрхэм анхдагч 1939 оны наадамд түрүүлээд арслан, 1941 онд түрүүлэхдээ аварга, 1945 онд түрүүлээд даян аварга, 1946 онд түрүүлээд дархан аварга цолтой болжээ. Дархан аварга болсноос хойш 1952, 1953, 1954 онуудад улсын наадамд дахин түрүүлж байжээ.
2. Дархан аварга Ш.Батсуурь. Тэр эрхэм 1947, 1948 онд улсын наадам дараалан түрүүлээд, 1949, 1953, 1958 онд үзүүрлэсэн байдаг юм. 1951 оны наадмаар найм давж дөрөвт үлдсэн. Харин 1963 онд зургаа давахад нь дархан цол хүртээсэн удаатай.
3. Дархан аварга Ж.Мөнхбат. Домогт Ж.Мөнхбат улсын наадамд 1965, 1964, 1965 онд гурав дараалан түрүүлж байж арай гэж аварга цолтны эгнээнд багтсанаа 1966 онд дахин түрүүлээд дархан аварга цолоор мялаалган санал амарсан бөх. Дархан гэдгээ 1967 онд түрүүлэн баталж, Дамдин аварга шиг наадамд тав дараалан түрүүлсэн амжилтын эзэн. Хэдэн жилийн дараа наадамд дахин түрүүлж, Дамдингаасаа илүү гарсан намтартай.
4. Дархан аварга Х.Баянмөнх. Алдарт Х.Баянмөнх 1968 оны наадамд анх түрүүлээд аварга, 1971 он хоёр дахиа түрүүлээд дархан аварга цолоор мялаалгаснаас хойш наадамчин түмнээ олон баярлуулсаан. Тухайлбал, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онд дахин түрүүлж, улсын наадамд 10 түрүүлсэн ховор амжилтын эзэн. Бас хөдөлмөрийн баатар тамирчдын ууган нь.
5. Дархан аварга Д.Цэрэнтогтох. Эл эрхэм 1978 оны улсын наадмаар дархан аварга Д.Дамдин, Х.Баянм өнх, Ж.Мөнхбат гурвыг долоогоос есийн даваанд цувуулан орхиод арслан, 1971 онд бүх ард түмний спартакиадад босоо түрүүлж аварга, 1980 оны наадмаар түрүүлэн даян аварга, 1981 оны наадмаар найм даван үзүүрлээд дархан аварга цолтой болсон түүхтэй. Дархан аварга болсныхоо дараа дахин хоёр түрүүлж, улсын наадмынхаа түрүүг дөрөв болгосон гавьяат даа.
6. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Бас нэг домогт эл эрхэм 1986 оны наадамд түрүүлээд арслан 1989 онд түрүүлээд аварга, 1990 онд түрүүлээд даян аварга, тэр намраа “Монголын нууц товчоо”-ны 750 жилд зориулсан Даншигт түрүүлэн дархан аварга цолтны эгнээнд багтсан. Харин түүний хойтон долоо давж шөвгөрөн нэг зогтуссанаа 1992-1999 онд дараалан найман наадмаар босоо байж улсын наадамд 11 түрүүлсэн амжилтандаа Монгол Улсын аварга цолтой бөхчүүдийг тэргүүлэх болсоор удлаа.
Нэгэн зүйл. Дэлхий нийтэд аливаа уралдаан тэмцээний ялагчийг “аварга” хэмээн өргөмжилж, алтан медалиар мялаадгийг цэцэрлэгийн багачууд хүртэл мэддэг цаг үед бид аж төрж буйгаа эрх биш эргэцүүлмээр бодогдох юм. Жилд ганцхан болдог улсынхаа наадмаар ганцаараа босоо үлдэн түрүүлсэн хүчтэнээ аварга цолоор мялаан баярлуулдаг дүрэм журам, эсвэл хууль зарлигтай болох нь нэн зохимжтойг шийдвэр гаргах түвшний эрхмүүд бодож, тунгаагаасай. Наадамд нэг түрүүлсэн аваргууд байж л байсан, одоо ч байна. Ж.Цэвээнравдан гэж хамгийн царс шиг аварга байлаа, 1951 оны наадмаар түрүүлсэн бөх Намайг анх улсын наадам үзэхэд түрүүлсэн цэрэг С.Цэрэн тэр өдрөө аварга цолоор мялаалгасан. Монгол бөхийн эрхэм шинж бүгд л түүнд шингэсэн юм шиг судлаачид одоо хүртэл ярьсаар бичсээр байгаа.
Нэг түрүүлээд улсын аварга болсон О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат нарыг хүмүүс муу хэлж байхыг сонссонгүй. Аварга болоход нь баярлаж байхыг харж, баярлаж суулаа. Миний хүлээн зөвшөөрч чадахгүй явдаг нэгэн зүйл бий л дээ. Тэр нь юу вэ гэвэл улсын наадамд барилдаж бөхийн тооноос хамаараад, тухайлбал 2011 он, 2012 онд улсын наадамд түрүүлсэн хоёр сайхан залуу хоёр өөр цолтой явааг буруу даа гэж мунхаглах юм. Чин үнэнийг хэлэхэд тэдний барилдааны амжилтын дүнд чанарын ялгаа байхгүй ээ. Огт байхгүй шүү. Нэгэнт чанарын ялгаа байхгүй нь үнэн юм чинь цолны ялгаа бүр ч байж боломгүй. Иймээс улсын наадамд түрүүлсэн бөхийг аварга цолоор мялааж хүндэтгэдэг журамтай, хуультай болцгооё. Дахиад түрүүлбэл даян аварга, гурав дахиа наадамд түрүүлбэл дархан аварга цолоор өргөмжилдөг болмоор байна. Ингэж хэвшвэл дархан аварга цол эзэнтэй, наадам дархан аваргатай үргэлжлэх гэгээн боломж өөрөө л бүрдэнэ.
Бөхийн нарийн ширийн зүйлийг Д.Данзангаас илүү судлаагүй бас сайн мэдэхгүйн учир бусад гурван санаатай нь холбоотой зүйлийг энд бичиж зүрхэлсэнгүй. Тэртээ 2003 онд “Эрийн гурван наадмын сэргээшийн шинжилгээнээс чөлөөлье” хэмээн “Өнөөдөр” сонинд нийтлүүлснээ хавтсандаа ч, сэтгэлдээ ч хадгалсаар явдгаа нуугаад яах вэ.
Соёлын Гавьяат зүтгэлтэн Р.ЧУЛУУН
Эх сурвалж: www.mongolnews.mn