Ерөнхий сайд Н.Алтанхуяг ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзлаа.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, тус орны Намын хорооны Нарийн бичгийн дарга ноён Ван Зюнь Тантай уулзаж байгаадаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархлаа илэрхийлээд Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагаанд түлхэц болно гэж хэллээ.
ӨМӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ван Зюнь Тан “Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтаар тохирсон ажлууд хурдацтай, түргэн ахиж байгаад сэтгэл хангалуун байдаг” гээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тааламжтай цагтаа ӨМӨЗО-д айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.