&#34Сүмбэр уул&#34 тоглоом

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

&#34Сүмбэр уул&#34 тоглоом

Монгол Үндэсний Тоглоом, Наадгай

Сүмбэр уул үгэн тоглоомоор тоглохдоо хүүхдүүд хоёр гарын арван хуруугаа урнаар холбож Сүмбэр уулыг дүрсэлнэ. Үүнд баруун гарын чигчий хурууг зүүн гарын чигчий хурууны өндөг дээр тохоод зүүн гарын ядам ба дунд хоёр хуруун дээр баруун гарын ядам ба дунд хурууг тохон, сул үлдсэн зүүн гарын эрхий, долоовор хуруу, баруун гарын долоовор хуруу гурвыг үзүүрээр нь нийлүүлж өөд нь өргөн сүмбэр уулыг дүрслэн бүтээнэ.

Тоглогч хүүхэд Сүмбэр уул бүтээсэн хүүхдээс
-Үүнийг юу гэдэг юм бэ? гэж асуухад
-Бүтээгч хүүхэд: Сүмбэр уул гэдэг юм. гэж хариулна. Ингэж харилцан ярихад тоглогч хүүхэд холбоо гурван хурууны зүүн гарын долоовор хурууг зааж Энэ юу юм бэ? гэж асуухад
-Бүтээгч хүүхэд: Сүмбэр уулын мөнгөн багана. гэж хариулна.
-Тоглогч хүүхэд: эрхий хурууг зааж Энэ юу юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Сүмбэр уулын шүрэн багана.
-Тоглогч хүүхэд: баруун гарын долоовор хурууг зааж Энэ юу юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Сүмбэр уулын алтан багана.
-Тоглогч хүүхэд: Энэ алтан, мөнгөн, шүрэн багана дээр юу суудаг юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Энэ гурван баганын орой дээр Алтан гургалдай сууж аялгуу сайхан дуугаа донгодно.

-Тоглогч хүүхэд: баруун хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Үүгээр азарга ордог юм.
-Тоглогч хүүхэд: зүүн хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Үүгээр Буур ордог юм.
-Тоглогч хүүхэд: урд хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Үүгээр Бух ордог юм.
-Тоглогч хүүхэд: баруун гарын дунд ба ядам хосолсон хурууг зааж Энэ юу юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Энэ аав ээж хоёрын өмнө тавьсан тавагтай идээ, домботой цай.
-Тоглогч хүүхэд: баруун гарын арын зайг зааж Энд юу байдаг юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Энд манай мянган адуу бэлчдэг бэлчээр.
-Тоглогч хүүхэд: баруун гарын ганцаар үлдсэн эрхий хурууг зааж Энэ юу юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Энэ миний чөдөртэй шарга даага. Би шарга даагаа унаад Сүмбэр уулан дээрээ гарч адуу, хонио харъя даа гэж хэлээд Сүмбэр уулаа задлаж, амар сайхан жаргана гэж үгэн тоглоом дуусна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж