УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тус байнгын хороо нь ээлжит чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдаж, давхардсан тоогоор 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээрээс хуулийн төсөл 181, УИХ-ын тогтоолын төсөл 2, Байнгын хорооны тогтоолын төсөл 5, тайлан, мэдээлэл хоёрыг тус тус хэлэлцэж, 12 санал, дүгнэлт гаргасан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхэд ихээхэн ач холбогдол өгч, цаг нэлээд зарцуулсан. Хэдийгээр хуулийн төслийг батлаагүй ч их сургамж өгсөн, цааш цаашдаа УИХ, Засгийн газар эрх мэдлийн хуваарилалт дээр бодлогоо өөрчлөх зүй ёсны шаардлага байна гэдэг ухаарлыг улстөрчдөд өгсөн гэж байнгын хорооны дарга тодотголоо.
Түүнчлэн тус байнгын хороо нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуулийн төслүүд, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл, Улсын Их Хурлын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг сонсчээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулсан байна. Энэ хуулиар үндэсний бөхийн “Далай аварга” цол хасагдаж, уламжлалт даян аварга, дархан аварга цол үлдэж байгаа юм. Мөн хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ.
Тайлангийн хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 48 албан бичиг, 1 өргөдөл ирснийг тухай бүр нь шийдвэрлэхийн зэрэгцээ байнгын хорооноос 97 албан бичиг явуулсан байна.
Г.ДАРЬ