Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, долдугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Улсын даян аварга А.Сүхбат, Улсын даян аварга Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олголоо.
Улсын даян аварга Г.Өсөхбаярыг Дархан аварга цол хүртсэн тэр агшинд сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэе.
-Танд баяр хүргэе, Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Дархан аварга цол хүртлээ, сэтгэгдэл ямар байна?
-Баяртай байна, монгол түмний маань мянга мянган жил уламжилж ирсэн, Монгол үндэсний бөхийн Дархан аварга цол хүртсэнд баяртай байна. Саяхан УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч батламжилснаар энэ их цолыг хүртлээ. Сэтгэл их өндөр байна.
Мөн энэ үед нэгэн цагт хүч үзэж, зодоглож, бие биенээ ирлэж хурцалж явсан А.Сүхбат аваргадаа баяр хүргэе. Удахгүй болох баяр наадамдаа монгол түмэн маань сайхан наадаарай гэж ерөөе. Дархан аварга гэдэг хүндтэй цолыг өндөрт өргөж, бөх хүнийхээ ёс жудагаа хадгалж хамгаалж, залуу бөхчүүддээ үлгэр дуурайл болж монгол бөхийнхөө төлөө зүрх сэтгэлээ зориулж явна гэдгийг хэлэхийг хүсч байна.
-Та 2009 онд дөрөв дэхээ түрүүлчихээд "Өвөөгийн цолонд хүрлээ хязгааргүй баяртай" байна гэж хэлж байсан. Харин өнөөдөр үндэсний бөхийн дээд цол дархан аварга цолыг төрийн тэргүүнээс авах мөчид юу бодогдов?
-Өвөөгийнхөө залгамж холбоог авч яваа нь нэг талаас их хариуцлага, их ачааны хүндийг үүрдэг. Өвөөгөө дурсахад сайхан байна, төрийн наадамд хоёр удаа 10 давж түрүүлсэн, 12-13 удаа шөвгөрсөн алдартай бөх байсан. Цолондоо эзэн болж явах юмсан гэж бодогдож байна даа.
Г.ДАРЬ