Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, долдугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Улсын даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр "Дархан аварга" цол хүртсэн аваргуудын сэтгэгдлийг сонслоо.
ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ:
-Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Дархан аварга цол хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Олон жил үндэсний бөхөөр хичээллэж хөдөлмөрлөсөн амжилтыг минь үнэлж, Дархан аварга цол хүртээсэнд туйлын их баяртай байна. Төр засаг, Монголын нийт ард түмэндээ баярлалаа. Гаргасан амжилтыг минь үнэлж, төрийн тэргүүн өндөр цолоо хүртээсэнд баяртай байна.
-Та авч байсан түрүүнээдээ эргээд дурсахгүй юу?
-Эргээд бодоход барилдаанууд маань нисэж байсан юм шиг санагддаг юм. Харин өнөөдөр Дархан аварга боллоо. Олон түмэндээ хандаж хэлэхэд, "Таны дэмжиж байсан, жижиг Сүхбат дархан аваргын дайны барилдаж, түмэн олноо баярлуулж байсан юм байна шүү. Дархан аварга байсан юм байна шүү гэж хэлмээр санагдлаа, бас нотлон харууллаа, ард түмнийхээ дунд аз жаргалтай жаргаж байна, би. Баярлалаа та бүхэндээ.
-Та энэ жил зодоглох уу?
-Ө.Даваабаатар, Д.Амгаланбаатар тэргүүтэй шавь нар маань бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа. Төр түмэн, өндөр сайхан цолоо хүндэтгэх шалтгаан надад бий.
-Барилдана гэж ойлгож болох уу?
-Төр засаг, түмэн олноо хүндэтгэх шалтгаан надад байгаа. Бэлтгэл сургуулилтаа бол сайн хийж байгаа. Монгол бөхийн хөгжил Г.Өсөхбаяр аварга бид хоёрт дархан аварга цол өгснөөр шийдэгдэж байгаа юм биш. Гурав үзүүрлэсэн Б.Гантогтох гарьд, П.Сүхбат, Ц.Цэрэнпцунцаг гарьдууд байна. Олон олон бөхийн асуудал шил дараалан шийдэгдэх байх. Монгол Улсын дархан аварга цолтон бараг 25 жилийн дараа төрлөө. Үүнээс өмнө 1990 оны Үндэсний их баяр, Монголын нууц товчооны 750 жилийн ойд Б.Бат-Эрдэнэ аварга маань түрүүлээд дархан аварга болж байсан. Энэ зуны анхны дархан аварга нь би боллоо, гуравхан минутын зайтай дараагийн маань дархан аварга төрлөө. Булган сүүлтэй дархан аварга байлаа /Инээв/.
Дархан аварга Агваансамдангийн Сүхбатын үндэсний бөхийн амжилт:
- 1993 онд 6 давж, улсын начин цол, "Өсөх идэр" чимэг
- 1997 онд 7 давж, улсын заан цол
- 1998 онд 6 давж, үлэмж бадрах чимэг
- 1999 онд 5 давж, саруул сайжрах чимэг
- 2000 онд 9 давж, түрүүлэн улсын арслан цол
- 2001 онд 10 давж, түрүүлэн улсын аварга цол
- 2002 онд 7 давж, хуйрнин шуугигч чимэг
- 2003 онд 7 давж, саруул сайжрах чимэг
- 2004 онд 9 давж, түрүүлэн далай аварга цол
- 2005 онд 6 давж үнэн зоригт чимэг
- 2006 онд 6 давж, цогт гарамгай чимэг тус тус хүртсэн. /2006 оны наадамд шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан/.
- 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Даян аварга цолыг олгосон.
Цол ахисан он:
- 1993 он: Улсын начин
- 1997 он: Улсын заан
- 2000 он: Улсын арслан
- 2001 он: Улсын аварга /Арав давж түрүүлсэн/
- 2004 он: Далай аварга
- 2007 он: Даян аварга
- 2013 он: Дархан аварга
Түрүүлсэн тоо: 3 удаа (2000, 2001, 2004)
Шөвгөрсөн тоо: 11 удаа (1993, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006)
ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР
-Танд баяр хүргэе, Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Дархан аварга цол хүртлээ, сэтгэгдэл ямар байна?
-Монгол түмний маань мянга мянган жил уламжилж ирсэн, Монгол үндэсний бөхийн Дархан аварга цол хүртсэндээ баяртай байна. Саяхан УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч батламжилснаар энэ их цолыг хүртлээ. Сэтгэл их өндөр байна. Мөн энэ үед нэгэн цагт хүч үзэж, зодоглож, бие биенээ ирлэж хурцалж явсан А.Сүхбат аваргадаа баяр хүргэе. Удахгүй болох баяр наадамдаа монгол түмэн маань сайхан наадаарай гэж ерөөе. Дархан аварга гэдэг хүндтэй цолыг өндөрт өргөж, бөх хүнийхээ ёс жудгийг хадгалж хамгаалж, залуу бөхчүүддээ үлгэр дуурайл болж, монгол бөхийнхөө төлөө зүрх сэтгэлээ зориулж явна гэдгийг хэлэхийг хүсч байна.
-Та 2009 онд дөрөв дэхээ түрүүлчихээд "Өвөөгийн цолонд хүрлээ хязгааргүй баяртай" байна гэж хэлж байсан. Харин өнөөдөр үндэсний бөхийн дээд цол дархан аварга цолыг төрийн тэргүүнээс авах мөчид юу бодогдов?
-Өвөөгийнхөө залгамж холбоог авч яваа нь нэг талаас их хариуцлага, их ачааны хүндийг үүрдэг. Өвөөгөө дурсахад сайхан байна, төрийн наадамд хоёр удаа 10 давж түрүүлсэн, 12-13 удаа шөвгөрсөн алдартай бөх байсан. Цолондоо эзэн болж явах юмсан гэж бодогдож байна даа.
Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярын үндэсний бөхийн амжилт:
- 1995 онд 7 давж улсын заан цол хүртэв
- 1997 онд 5 давсан
- 1999 онд 7 давсан
- 2000 онд 7 давсан
- 2001 онд 8 давж дөрөвт үлдсэн
- 2002 онд 9 давж түрүүлэн улсын арслан болсон
- 2003 онд 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болов
- 2005 онд 9 давж түрүүлэн далай аварга цолд хүрчээ
- 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
- 2008 онд 6 давж шөвгөрсөн
- 2009 онд 9 давж түрүүлэн даян аварга цол хүртсэн
- 2010 онд 8 давж үзүүрлэв
- 2011 онд 7 давж шөвгөрсөн
- 2013 онд 5 давж шөвгөрсөн
Цол ахисан он жил:
- Улсын заан 1995
- Улсын арслан 2002
- Улсын аварга 2003
- Далай аварга 2005
- Даян аварга 2009
Түрүүлсэн тоо: 4 (2002, 2003, 2005, 2009)
Үзүүрлэсэн тоо: 1 (2010)
Шөвгөрсөн тоо: 14 (1995–2013 оны хооронд)
Г.ДАРЬ