Р.Гончигдорж: Авах ёстой цолоо гардсан

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж: Авах ёстой цолоо гардсан

УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар далай аварга цолыг хасах шийдвэр гарч, даян аварга цолоор олон жил ард түмэндээ хүндлэгдсэн Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цол авах боломж бүрдсэн. Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дархан аварга цол хүртээд байгаа. Гэхдээ цол авахтай нь зэрэгцэн "Тэдний араас удахгүй дахиад аварга цолтон төрнө" гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар бид Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос тодрууллаа.

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цолтой боллоо. Гэхдээ өөр бөхчүүд цол нэмж,  аварга, арслан цолтон төрнө гэх яриа байна. Ийм боломж байгаа юм уу, хуульд цол олгох асуудал ямархуу байдлаар томъёологдож батлагдсан бэ. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу? 

-Энэ хууль маш товчхон өөрчлөлттэй. Агуулгын хувьд Монгол бөхийн түүхэнд байгаагүй нэг цолыг шинээр нэмсэнийг хассан юм. Өөрөөр хэлбэл, 2003 оноос өмнө далай аварга гэж цол байгаагүй юм. Далай аварга гэдэг нь аваргуудын амжилтад өгдөг чимэг байсныг сүүлд цол болгосон байсан юм. Шинэ хуулиар энэ цолыг нь буцаан чимэг болгосон. Далай аварга цолыг хасахаар даян аварга цол авсан хоёр маань дархан аварга цолтой болж байгаа юм. Тэр хоёр нь Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр. Харамсалтай нь, ташаа мэдээлэл цацагдаж ач холбогдлыг нь бууруулж байх шиг байна.

Уг нь бид хүнд цол олгох хууль батлуулсан биш, хүнд цол олгуулахгүй байгаа тэр шударга бус байдлыг засч залруулсан төдий юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Батцогт хоёртой хамтарч хуулийг санаачилсан. Анхны хуулийн төслийг өнгөрсөн жил санаачилж, УИХ-аар батлуулсан ч Ерөнхийлөгч хориг тавиад бүхэлдээ хүчингүй болсон юм. Хориг тавигдсан нь, дүйцүүлэх байдлаар цол нэмэгдүүлэх харилцаа байснаас үүдэлтэй. Тодруулж хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол бөхийн холбоо дүйцүүлэх хэлбэрээр цол олгох нь зохимжгүй, буруу бодлого гэж үзэн хүчингүй болгох дотор саяны асуудал хамтдаа багтсан. Гэхдээ тэд "Далай аварга цолыг хасах тал дээр хууль санаачлагчийн санаачлагыг дэмжиж байна" гэсэн учраас энэ жил дахин хуулийн төсөл өргөн мэдүүлж, батлуулсан юм. Тэгэхээр энэний дараагаар олон удаа арслангийн даваан дээрээ өвдөг шороодсон бол аварга цол өгнө гэх юм уу, тийм зүйл энэ хуульд огт тусаагүй.  

Улсад гурван удаа түрүүлээд дархан аварга болж байсан тохиолдол цөөнгүй бий. Энэ бол үндэсний бөхөд байсан уламжлалт цол. Түүхт цол. Түүнийг л дахин сэргээж байгаа гэдгийг зөвөөр ойлгон, нэгэнт гаргасан амжилтаа үнэлүүлж байгаа бөхчүүдээ хүндэтгэх хэрэгтэй.

Сүүлийн 24 жилийн хугацаанд Монголд дархан аварга цолтон төрөөгүй өнөөдрийг хүрчээ. Хамгийн сүүлчийн дархан аварга цолтон улсын наадамд гурав түрүүлж, Нууц товчооны 750 жилийн ойгоор дархан аварга цол авч хүртэж байсан юм. Гэтэл дархан аварга 10 жил тутамд төрж байсан түүхтэй. Яагаад гэвэл тэр үед нь далай гэсэн аваргын нэг шат цол байгаагүй юм. Энэнийг олон түмэн маань ойлгож байгаа байх. Цаашдаа олон дархан аварга төрөөсэй, өөрөөр хэлбэл, хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд заасан болзол журмыг биелүүлээд дархан аварга төрөөсэй гэж бодож байна. Өнөөдөр би баяртай байна, авах ёстой цолоо хоёр дархан аварга маань авлаа.

-Гэхдээ зарим хүн "Хууль батлуулж цол авлаа" гэж шүүмжилж байна?

-Тийм биш, авах ёстой цол гэж би хэлнэ, авахгүй цолыг авахуулсан хууль санаачлаагүй. Далай аварга гэдэг цол байгаагүй бол энэ хоёр маань аль хэдийнэ дархан аварга гэж дуудуулаад, наадамдаа олон удаа манлайлаад гарч байх сайхан бөхчүүд. Цаашдаа олон олон даян, дархан аваргууд төрөөсэй гэж билигшээе.  

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж