Хар жагсаалтаас хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Хар жагсаалтаас хасагдлаа

Мөнгө угаах  гэмт хэргийн эсрэг олон улсын байгууллага /ФАТФ/-ын “Хар жагсаалт”-ад Монгол бичигдэж магадгүй талаарх анхааруулгыг сүүлийн жилүүдэд тус байгууллагаас өгөх болсон. 2011 оноос эхлэн манай улс ФАТФ-ийн  хяналтад орсон бөгөөд  Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тус байгууллагын гаргасан зөвлөмжийг 2006 оноос хойш хэрэгжүүлээгүй, мөнгө угаах гэмт хэргийн хөрс суурь нь бүрэлдсэн гэх шалтгаанаар саарал жагсаалтад багтаж байсан юм.

Харин өнгөрсөн зургадугаар сарын 23-27-нд Парис  хотноо мөнгө угаах, терроризм, цөмийн зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-ын ээлжит чуулган  болсон бөгөөд энэ үеэр манай улсыг хяналтаас гаргаж байгаагаа дуулгажээ.  Өөрөөр хэлбэл, тус чуулганаар  Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны стратегийн дутагдлуудаа зассан явдлыг өндрөөр үнэлж, өөрийн хяналтаас гаргах тухай шийдвэрийг гаргасан  байна.

Хэрэв Монгол Улс хар жагсаалтад багтсан бол эдийн засгийн хувьд ч багагүй эрсдэл нүүрлэх байлаа. Тодруулбал, Монгол Улс энэ жагсаалтад орсон тохиолдолд хөрөнгө оруулагчид болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс Монголд  хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламжаа зогсоогоод зогсохгүй наад зах нь иргэдийн хувьд гадаадад аялахдаа ашигладаг мастер, виза картуудаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаадын банкууд Монголын банкууд руу мөнгө шилжүүлэхээс татгалзахад хүргэж магадгүй байлаа.

Харин хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд багагүй чармайж ажилласны хүчинд “хар жагсаалтад” бичигдэхээс аврагдсан гэсэн үг юм. Монгол Улстай хамт Балба, Киргизстан, Танзани, Кени улс жагсаалтаас гарлаа. Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын нийтлэг стандартад нийцсэн хууль, эрх зүйн орчинтой болж, НҮБ-ын гишүүн орны хувьд түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлснээр дэлхий дахинд тулгарч буй аюул заналхийлэл болсон терроризм, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх улс төрийн өндөр хүсэл эрмэлзэлтэй байгааг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн бөгөөд бидний хувьд дэлхийд эерэг сэтгэгдэл үлдээснээрээ эдийн засагтаа ч хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж байгаа гэсэн үг юм.

Н.ХҮСЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж