“Цайны зам” төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Монголын цайны зам судлалын нийгэмлэг, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран энэ сарын 25-нд “Цайны зам”-ын тухай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ШУА-ийн олон улс судлал, түүх, ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, аялал жуулчлалын болон цайны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид оролцлоо. Олон улсын энэхүү төсөлд Монголын оролцоог тодорхойлох судалгаа шинжилгээний ажлууд хийх, архивын материал цуглуулах, дэлхийн жишигт нийцсэн аяллын маршрут боловсруулах, “Цайны зам” дээрхи монгол онцлог хадгалсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, монгол цайны үйлдвэрлэл, худалдаа хөгжүүлэх, цайны соёлыг сурталчлан таниулах зэрэг чиглэлээр холбогдох яам, газруудад зөвлөмж илгээхээр тохиролцсон байна. Түүнчлэн, Цайны замын гол объект болж байсан цай, түүний соёл уламжлалыг Монголд бий сэргээхэд түлхэц өгөхөөр уулзалтын үеэр монгол, орос, хятад цайны амталгааг зохион байгуулжээ. Мөн Цайны замын маршрут тогтоох зорилгоор Хятадаас гарч Монголоор дамжин Орос хүртэл төрийн, төрийн бус, эрдэм шинжилгээний, хэвлэл мэдээллийнхнээс бүрдсэн тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багийг улс бүрээс томилон 15 хоногийн хугацаанд аялуулахаар болсон байна. Үүний дараа талууд нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, “Цайны зам”-ын аялал жуулчлалын хөтөч, гарын авлага гарган олон улсын аялал жуулчлалын зах зээл дээр гаргахаар талууд тохиролцжээ.
Д.Долгор