Н.Баярмаа: Аав маань бидний бахархал юм

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Н.Баярмаа: Аав маань бидний бахархал юм

Энэ удаа эгэл жирийн малчин гаралтай айлын хүү, Монгол улсын их сургуульд хагас зуун жил багшилсан, даруухан хийгээд хатуухан Монгол багшийн охинтой уулзаж ярилцсан юм. 50 жил багшлахдаа С.Намжилдорж олон ч ном сурах бичиг хэвлүүлж гаргаж байжээ. Оюутны бие даах ажиллагааг удирдан чиглүүлэх, математик сургалтыг сайжруулах зорилгоор математикийн мэргэжлийн 13 нэр төрлийн сурах бичиг, 11 нэр төрлийн товхимолыг хянан засварлаж, 10 орчим өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Өдгөө С.Намжилдорж гэргийнхээ хамтаар 42 жил амьдарсан байрандаа амьдарч байгаа аж. Дөрвөн хүүхэдтэй ч өдгөө 23-лаа болсон нэгэн гэр бүлийн тэргүүний тухай түүний охин Н.Баярмаатай хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэе.


-Аавын тань бага насны амьдрал хэрхэн өнгөрсөн юм бол?


-Бага насных нь амьдрал хэцүү, тарчигхан байсан юм байна лээ. Арван жилийнхээ сургуулийг төгсчихөөд хөдөө хээр мал дээр илгээлтээр гарна гээд гарчихсан байхад нь аавын маань өргөмөл ганц ах нь сургуульд оруулж байсан юм байна лээ. Аав маань бараг 19, 20-той сургууль төгссөн. Нэг жил сургуульдаа суралгүй завсарлачихаад буцаад аймгийн  арван жилийнхээ сургуульд есдүгээр ангидаа орж байсан. Саяхан аавын маань нэг ангийн арван жилийн сурагчид манай зуслангийн байранд цуглаж уулзсан юм. Хөгшчүүл аавын маань тухай ярихдаа нилээд үс нь ургачихсан танхайдуу байрын, авгай хүүхэдтэй гэмээр нөхөр орж ирж байсан гэж ярьж байсан. Аравдугаар ангиа маш сайн төгссөн байдаг юм байна лээ. Тэгээд аав маань дахиад мал дээр гарна гэж байхад нь өргөж авсан аав нь ахтай нь яриад сургуульд оруулж байсан байдаг. Тэгээд л сургуулиа төгсөж багшилж саяхан л тэтгэвэртээ гарсан даа.


-Багш хүн хүүхдүүддээ илүү ихийг заадаг юм шиг санагддаг. Танай аав хүүхдүүдтэйгээ хэр дотно байсан бэ?


-Бид нарыг ер нь нилээн чанга гараар хүмүүжүүлсэн шүү. Тухайн үеийн нийгэм нь ч тийм байсан юм даа. Бид нар бүгд математикийн хичээлээр суурилж их сургуульд шалгалт өгч байсан даа. Хүн нас ахиад их уян зөөлөн болдог гэдэг үнэн юм шиг байгаа юм. Ач нартаа бол тийм биш шүү. Бараг л бодлогыг нь бодож өгөөд л сууж байдаг. (Инээв). Би тоогоо загнуулж, уйлж байж боддог байсан. Дээр үед математикийн багш нарыг цэвэрлэгч гэж хочилдог байлаа. Математикийн хичээл дээр унасан хүмүүсийг сургуулиас хасч байсан багш нарын тоонд манай аав орно шүү. Миний сонсож байснаар Балжинням аварга Монгол улсын их сургуулийн эдийн засгийн ангид сурч байгаад математикийн хичээл дээрээ нилээн хэд унаж байсан гэж сонссон. Монгол улсын их сургууль байгуулагдсанаас хойш Социалист нийгмийн үед математикийн хичээл нилээд голлох үүрэг гүйцэтгэж байсан юм байна лээ. Тэр хэрээрээ нилээд хатуу чанга, шаардлага өндөртэй багш байсан. Би өөрөө Монгол улсын их сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн. Нэг жил аав маань тоо шинжлэлийн хичээлийг манай ангид орсон шүү. Тухайн үед охиндоо хичээл орж байна гэж харж үзэх тохиолдол байхгүй. Тухайн үед компьютерээр тест боловсруулаад шалгалт авдаг шиг байгаагүй. Өөрөө гараараа билетээ бичдэг. Тэр билетээ цүнхэндээ хийгээд толгойныхоо хажууд тавиад унтдаг байсан даа. (Инээв). Би арван жилийнхээ сургуулийг төгсөөд дөрвөн жилийн дараа шалгалт өгч орсон. Ангийнханаасаа жаахан эгч. Тэгэхэд манай ангийнхан хэлдэг байсан юм. Баярмаа эгчээ танай аав их хатуу багш гэж. Нээрээ ч тийм байсан. Би нэг ч хичээлийг нь таслаж, хоцорч үзээгүй. Хэрвээ өөрийнх нь дараа хүүхэд орох гэвэл оруулдаггүй хаалгаа түгжчихдэг. Би боддог юм хамгийн сүүлийн социализмын үеийн анги манай анги байсан байх. Тэрнээс хойш хүүхдүүд дуртай хичээлээ сонгодог болсон шүү дээ. Тэр үед дээд тоо бүх ангид ордог сэтгүүл, хэлний ангид тоо ордог байсныг нь мэдэхгүй. Энэ хоёр хичээлээс бусдад нь ордог байсан.


-Олон шавьтай олон ч анги төгсгөсөн багш байх нь ээ?


-Олон шавьтай гэхдээ хоёр л анги дааж байсан. Анх багш болоод нэг анги авч байсан юм байна лээ. Тэр нь бараг манай ээжийн анги байсан байх шүү. (Инээв). Мэдээж шавь нарын хувьд олон.


-Хэр гэр бүлдээ анхаарал тавьдаг хүн байсан бэ. Эрэгтэй хүмүүс ялангуяа багш хүн ажлын цагийн хувьд шахуу байсан байх л даа?


-Залуудаа манай аав бараг гэр бүлээ авч явдаг гэж хэлмээр байдаг юм. Яагаад гэхээр манай ээж бас багш байсан л даа. Тэр үед 28 дугаар сургуульд багшилдаг байсан. Манай гэр их сургуулийн хажуу талд байдаг. Одоогийн байгаа математик компьютерийн сургууль нэг өрөөтэй багш нарын байр байсан юм. Тэр байранд манай хоёр ах, эгч би төрсөн. Эхлээд манай аав тэнд ганцаараа амьдардаг байж байгаад ээжтэй гэр бүл болж дараа нь дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ тэр байранд төрж 1972 онд би төрж одоо амьдарч байгаа гурван өрөө байрандаа орсон. Ажил гэр хоёр нь ойрхон байсан болохоор аав маань дөрвөн хүүхдээ өөрөө цэцэрлэгт нь хүргэж өгч, хоол ундыг нь хийж өгч авч явдаг байсан шүү. Цэцэрлэгийн багш нар ааваас маань ээж нь байдаг юм уу гэж асуусан тохиолдол гарч байлаа. (Инээв). Хүүхдээ сайн угжина. Тухайн үед эмэгтэй хүн төрөөд 45 хонуулаад л ажилдаа орчихдог байсан шүү дээ. Ээж маань ажлынхаа зав чөлөөгөөр өдөр нэг ирээд л хөхүүлдэг. Бусад ажлуудыг нь аав маань хийдэг байсан гэхэд болно. Одоо бодох нь ээ тэр их ажлын хажуугаар яаж амжуулдаг байсан юм бэ гэмээр. Мэдээж дунд сургуульд ороод ирэхэд аавын маань ажил харьцангуй гайгүй болсон байх. Тухайн үед аав маань тэнхимийн эрхлэгч захирал хийдэг, ажил нь ч их байсан байх. Харин эцэг эхийн хурлыг бол алгасахгүй ирж сууна шүү. Яг бид нар сургууль төгсөөд мэргэжил сонголтонд аав маань зөвлөсөн. Би математикаар суурилсан хүүхэд цаашдаа юу ч хийж чаддаг юм болов уу гэж боддог юм. Тийм ч учраас манайхан бүгдээрээ математикийн чиглэлээр сургууль төгссөн байдаг.

 

 

-Мэдээж хүүхдүүд байсан учраас буруу зүйл хийгээд зэмлэл хүртэх тохиолдол цөөнгүй шүү дээ. Аав тань ер нь хүүхдүүдээ хэрхэн шийтгэдэг байсан бэ?


-Хоёр хүүдээ их чанга. Хоёр хүүгээ эрхлүүлнэ гэж байхгүй. Аливаа асуудалд за яахав миний хүү тэгчих өө гэж ханддаггүй. Манай ээж маань хоёр хүүдээ илүү. Аав маань хоёр охиндоо илүү байсан. Ер нь хоёр охиндоо аав маань гар хүрч үзээгүй дээ.Гар хүрч үзээгүй гэхээр хүн эрх танхи гэж ойлгодог. Гэхдээ тийм бол биш. Мэдээж аавын маань зангарага бий шүү дээ. Тэрнээс нь их айдаг байлаа. Угаасаа өөрөө насаараа багш хийчихсэн хүн захираад сурчихсан байгаа шүү дээ. Одоо хүртэл манай хоёр ах аавынхаа дэргэд архи уудаггүй, тамхи татдаггүй. Яахав гадуур 50 хүрчихсэн хүмүүс чинь хааяа ууж идэх тохиолдол байлгүй л яахав. Гэхдээ аавынхаа дэргэд ууж үзээгүй, тамхи татдаггүй. Манай бага ах 35 хүртлээ хүнтэй суугаагүй дэргэд нь байсан хүн чинь хааяа ганц хоёр удаа -үнэртүүлж орж ирэхийг алийг тэр гэх  вэ дээ.


-Таны аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн дурсгалтай үе ямар үе байсан бэ?


-Ер нь багш нар чинь зун их урт амарчихдаг. Тэгээд л хөдөө гарна даа. Аав маань өөрөө говийн хүн учраас айргаа ууна, морь унана. Одоо ч гэсэн 70 гарсан ч аав маань морь унах дуртай. Энд байхдаа тооны хүн болоод ч тэр юм уу шатар их тоглох дуртай. Шатрын хоёрдугаар зэрэгтэй. Миний санахын тэр үед чөлөөт цаг зав өнгөрүүлэх газар нь ховор байсан болоод ч тэрүү багш нар их шатар тоглодог байсан. Нэгнийдээ очоод цаг тавиад л шатар тоглоно нэг мэдэхэд л үүр цайж байдаг байлаа. Хононо өнжин шатар тоглодог, тоглох ч их дуртай. Залуу байхдаа волейбол тоглодог, сагсан бөмбөг тоглодог байсныг нь ёстой мэдэхгүй. Одоо ч гэсэн тэтгэвэрт гарчихсан хэрнээ тэмцээн болж байхад л аль хэдийнээ очоод л суучихдаг хүн дээ. Биеийн тамирын багш шиг л сууна шүү.


-Таны амьдралд хэрэгтэй хамгийн зөв зөвлөгөө үе гэвэл та ямар үеийг хэлэх вэ?


-Би аравдугаар ангиа төгсөөд дөрвөн жил ажиллаж байгаад сургуульдаа орсон юм. Тухайн үед аравдугаар ангиа төгсөөд их сургуульд орсон хүн ондоо, ажиллаж байгаа орсон хүн бүр ондоо сэтгэхүйтэй орсон л доо. Багшийн их сургуульд ажиллаж байгаад чөлөө авч нойр хоолгүй шалгалтандаа бэлдээд нилээд хичээл зүтгэл гаргаж сургуульд орж байгаа юм л даа. Ингээд шалгалт өгөөд ороход би шалгалт өгсөн хүүхдүүдээсээ гуравт жагсаж байсан юм. Миний дээр орсон хоёр хүүхэд банкны анги, эдийн засгийн ангийг авч байхад би хамгийн анхны нябогийн ангийг авч байлаа. Мэргэжил сонгохын хувьд эдийн засагт л орно гэсэн бодолтой байсан болохоос нягтлан болно гэж бодож байгаагүй л дээ. Тухайн үед аав маань надад “за миний хүү ямар ч нийгэмд, ямар ч салбарт нягтлангүй байгууллага гэж байдаггүй юм” гэж зөвлөөд нябогийн ангийг сонгож нягтлан болсон доо. Тухайн үед надтай хамт шалгалт өгч миний дараа жагссан хүүхэд 23 дугаар сургуулийг алтан медальтай төгссөн хүүхэд байсан. Тэр хүүхдийн аав нь бас багш байсан юм байна лээ. Тэгээд өөрийнхөө хүүхдэд “энэ хашир хүн энэ ангийг сонгож байхад хоёулаа ч гэсэн энэ ангид орьё” гэж мэргэжлийн сонголтоо хийж байсан юм байна лээ. Мэргэжил сонголтонд аав маань тусласанд би их баярладаг. Хэрвээ тэр үед нэг гоё нэр сонгоод Маркетинг эсвэл менежментийн ангийг сонгочихсон бол өдийд яаж яваа билээ дээ. Намайг мэргэжил сонгоход ээж Бээжинд байж таарсан. Сонголтыг аав маань хийж өгсөн дөө.


-Ач нартаа өвөөгийн хувьд хэр эрхлүүлдэг вэ?


-Ач нар битгий хэл зээ нараа үзчихсэн. Ач зээ нараа их эрхлүүлдэг юм. Төрсөн хүүхдүүдээ тэгэж эрхлүүлж байгаагүй. Тухайн үед нээг их загнаад, алганы амт үзүүлээд байдаггүй ч гэсэн зангарагатай өсгөсөн учраас бид нар одоо хүртэл жаахан эмээнэ шүү. Манай том хүү аавын маань анхны ач. Тийм болоод ч тэрүү манай хүүг их эрхлүүлдэг юм. Хүү маань саяхан нэгдүгээр курс төгссөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нисэхийн ангийг авсан. Математикаараа бас овоо оноо авсан тэрэнд нь өвөө нь их баярлаж байсан юм.


-Хувь хүний хувьд нилээд хатуу хүн юм аа даа?


-Үгүй. Яг аавыгаа хатуу юм уу гэхээр бас үгүй. Зангарагыг нь харахад их хатуу юм уу гэхээр үгүй эсрэгээрээ их уяхан хүн л дээ. Гомдомхой, зөөлөн, уян хүн. Залуугийнх нь үе оюутнууддаа тавьж байсан дүнг нь харахаар их хатуу юм байна даа гэж бодож байсан үе бий. Гэтэл аливаа зүйлд уян зөөлөн талдаа ханддаг хүн байсан юм байна лээ. Шавь нар нь хүртэл гайхаж байдаг юм. “Багшийг ийм хүн гэж бодоогүй” гэж ярьдаг шүү. Одоо гэртээ хөгшинтэйгээ хоёулаа 42 жил амьдарч байгаа байрандаа л амьдарч байгаа. Манай ээжтэй суугаад 1964 онд гэр бүл болж байсан юм байна лээ. 27 настайдаа анхныхаа хүүг тэвэрч байсан гэхээр насны хувьд харьцангуй орой гэр бүл болсон гэж хэлж болно. Одоо 76 настай.


Э.ТЭКҮ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж