
өглөөг өнгөрсөн даваа гаригт хамт угтлаа. Өвгөн Лондонгийн зүүн хэсэгт
байрлах Хөрөнгийн биржийн өндөр том байшинг зорьж метрогоор найман
буудал явав. Ажлын цаг эхэлж байгаа тул манайхан автобусандаа чихэлддэг
шиг л пиг. 15 минут орчим яваад л зорьсон газраа хүрчихлээ.
зүү 8.30 гэхэд Хөрөнгийн биржийн төв хаалга цоожтой. Ажил хэрэгч
англичууд ийм алдаа гаргамаагүй юм гэх бодол төрөн байшинг тойрч өөр бас
нэг том хаалга байгааг олов. Ажил хэргийн уулзалтуудад оролцох зочид
энэ хаалгаар ордог юм байна. Үүдэнд хар арьстай хамгаалагч залуугийн
шалгалтаар орж, хүлээн авагч эмэгтэйгээс зочны үнэмлэх авлаа. Энэ
үнэмлэхээрээ Хөрөнгийн биржид нэвтэрч, дотор буй өрөөнүүд рүү орохдоо
мөн ашиглана. Түүнээс гадна хаанаас ирсэн хэн бэ гэдгийг минь илтгэх
мандат давхар зүүнэ.
Цаг 8.45 болж,
арга хэмжээ эхэллээ. Танхимд хөрөнгийн биржийн ерөнхий гүйцэтгэх
захирал, Нортон сек компанийн захирал, УИХ-ын гишүүн О.Чулуунбат,
Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргал гэх мэт хүмүүс харагдана.
Лондонд хамт ирсэн зорилго нэгт монголчууд маань ч байлаа. Бүртгэл
буюу танилцах уулзалтыг хурлын өмнөх 30 минутад багтаахаар хөтөлбөрт
тусгасныг сая нэг юм олж уншив. Ингээд хонх жингэнэж өдөрлөгийн арга
хэмжээ эхлэх болсныг англи эмэгтэй оролцогчдод сануулав. 09.00 гэхэд
Хөрөнгийн биржийн ахлах менежер Жон Эдвардс арга хэмжээг эхэлж, нээлтийн
үгийг Монголын Нортон сек компанийн захирал Б.Өлзийбаяр хэлсэн юм.
Түүний дараа Лондонгийн Хөрөнгийн биржийн ерөнхий гүйцэтгэх захирал
Хавир Ролет үг хэлж, Монголын компаниудыг өсгөх, тэдний ирээдүйн хөгжилд
тусалж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Энэ арга хэмжээнд олон
хөрөнгө оруулагч, хуулийн зөвлөх компаниуд хүрэлцэн ирсэн ба аль аль тал
нь энэ боломжийг ашиглах хэрэгтэй гэдгийг зөвлөж байв.
Ингээд
дэлхийд нэр хүнд бүхий “Credit Suisse”-ийн төлөөлөгч Лаурент Шарбониер,
“Rio Tinto” компанийн тиөлөөлөгч Петр Николс илтгэл тавьж, Монголчуудад
олон улсын зах зээлд, хөрөнгийн биржид хэрхэн гарах талаар зөвлөж, юунд
анхаарч, төр засгийн бодлогыг хааш нь чиглүүлэх хэрэгтэй талаар саналаа
хэлсэн. Зэсийн эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байгаа энэ үед зэсийн
нөөцөөр баялаг Монгол Улсад маш их боломж байгааг “Rio”-гийнхон хэлэв.
Харин “Credit Suisse” хэлэхдээ, Монголын Засгийн газраас ямар бодлого
барих нь хөрөнгө оруулагчдын анхаарлаа хандуулах гол асуудал. Уул
уурхайд төрийн оролцоо ямар байх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр
татдаг. Монголын хувьд том газар нутагтай, дэд бүтэц муу хөгжсөн,
тэгэхээр уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулагчтай хамтран ажиллавал
төрийн зүгээс анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөөд “Монголд тавтай морил”
хэмээн үгээ дуусгав.
Түүний дараа Монголоос ирсэн төр, засгийн
төлөөлөгчид илтгэлээ тавилаа. УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Газрын тосны
газрын дэд дарга Б.Эрдэнэбилэг, Гадаадын Хөрөнгө оруулалтын газрын дарга
Б.Ганзориг нар Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хууль эрх
зүйн орчин, төрийн бодлого гэх мэт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд
байдаг сэдвээр илтгэл, мэдээлэл хийлээ.
Төрийн өмчийн хорооны
дарга Д.Сугар Стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрын тухай
илтгэлдээ дурдсан нь гадныхныг анхаарлыг нэлээд татах шиг болсон. Хурлын
үеэр ч, завсарлагаанаар ч тун завгүй уулзалтуудад дарагдаж байлаа. Мөн
Б.эрдэнэбилэг дарга “Европ монголчуудаас айдаг цаг ард хоцорч, үүдээ
нээсэнд баяртай байна” гээд Монголын баялагийн талаар бодит мэдээллйиг
өгөв. Монгол орны 1.5 сая км дөрвөлжин талбайн 23.3 хувьд хайгуулын,
0.24 хувьд 1081 ашиглалтын лиценз олгожээ. Өнгөрсөн жил гэхэд эрдэс
баялгийн салбарт гадаад, дотоодоос нийтдээ 500 орчим сая ам.долларын
хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс үзэхэд Монголын уул уурхайн салбарт
гадны хөрөнгө оруулалт ямар шаардлагатай байгааг илтгэж байлаа.
Сүүлийн
үед дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Азийн зах зээл рүү орох болсон.
Ийм үед монголчууд хөгшин Европт хүч үзэх ямар хэрэгтэй юм бэ. Энэ
талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай уулзаж, түүний бодлыг сонслоо.
-Лондонгийн
хөрөнгийн бирж бол дэлхийн хамгийн том санхүүгийн зах зээл. Маш их
мөнгө хуримтлагдаж, хөрөнгө оруулагчид цугласан газар. Тиймээс
монголчуудад сайн. Гэвч эндхийн хөрөнгө оруулагчид Монгол, Монголын
тухай төдийлөн сайн мэдэхгүй байна. Хаана байдаг юм гэх мэт энгийн
зүйлүүдийг асуух хүн олон. Харин Хонконгод бол арай ондоо, тэд манайхны
тухай сайн мэддэг учраас хувьцаа сайн үнэлэгддэг. Гэхдээ газрын баялагт
IPO хийх туршлагаараа Лондонгийн хөрөнгийн бирж илүү. Хонконг бол зөвхөн
үйлдвэрийн IPO хийдэг. Манайх хаана нь ч гарсан ашигтай.
LSE Монголыг мэдэхгүй гэдэг
хөрөнгийн биржийн буруу биш шүү дээ. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн
үүрэг маш чухал. Монголын компаниуд олон улсын зах зээлд өөрсдийгөө сайн
танилцуулж, сурталчлах хэрэгтэй гэв.
Лондонгийн хөрөнгийн биржид
гарч ирсэн Монголын анхны компани бол “Петроматад лимитед”. Газрын тосны
IV, V, XX талбайг эзэмшдэг ба XX талбайд өрөмдлөг хийж, нөгөө хоёр
талбайд нь анхан шатны хайгуулын ажил хийж байна. Тэд өдөрлөгийн үеэр
анх хувьцаа гаргасан туршлагаа оролцогчидтой хуваалцсан. Юуны өмнө
хөрөнгийн зах зээлээр мэргэшсэн удирдлагын багийг бүрдүүлжээ. Нэр хүнд
бүхий удирдлагын багтай байх нь бизнест хамгийн чухал. Тухайн хөрөнгө
оруулагч, хувьцаа гаргасан компаниуд зөв санхүүжилт хийсэн гэдэгтээ
сэтгэл хангалуун байдаг байна. Өдгөө “Петроматад” компанийн ТУЗ-ийн
даргаар нь Гордон Толл гэж хүн ажилладаг, түүнээс гадна ч олон улсын зах
зээл дээр харилцаа холбоо, танилын хүрээ ихтэй нөлөө бүхий хүмүүс ТУЗ-д
нь байдаг гэнэ. Мөн гадаад, дотоодын зөвлөх компаниуд хууль эрх зүй,
санхүүгийн болон олон нийттэй харилцах тухай зөвлөгөө авч байжээ. Эднийх
“Westhouse securities limited” гэх компанийг зөвлөхөөрөө ажиллуулсан
гэнэ. Английн биржид гарч ирэхэд маш нарийн шалгуур үзүүлэлтүүд
шаарддаг. Харин хоёрдагч зах зээл нь дөнгөж гарч ирж буй залуу
компаниудад арай хялбар, боломж олгосон байдаг аж. Тиймээс “Петроматад
лимитед” хоёрдогч зах зээл дээр гарч иржээ.
Бага үдийн цайны
завсарлага болоход манайхан ч гадныхнаас хэнтэй нь уулзах, асуух
зүйлийнхээ зураглалыг гаргажээ. Бүгд л нэг нэг “шар толгойт”-ыг барьж
аваад их л дотно яриа өрнүүлж буй харагдсан. Ялангуяа УИХ-ын гишүүн
О.Чулуунбат Хавир Ролетийн зөвлөгөөг сайн дагав. Мөн ТӨХ-ны дарга
Д.Сугарыг гадныхан ихэд сонирхож, тэр цай ч уух завгүй уулзалтуудад
дарагдсаар цайны завсарлага дуусгав. Түүний илтгэлд “Эрдэнэс МГЛ” болон
стратегийн ач холбогдол бүхий орд газруудын тухай танилцуулсан учраас л
тэр.
Хөрөнгийн зах
зээлийн өлгий нутаг, голомт нь LSE-д монголын компаниуд гарах боломжтой
гэдгийг хүн бүр хэлж байв. Юуны өмнө маш сайн бизнес төлөвлөгөөтэйгээр
“Nomad”-д хандах хэрэгтэй. Энэ нь зөвлөх компани гэсэн үг бөгөөд
шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг цэгцэлж, шаардлага, хууль эрх
зүйн орчинд бүрдсэн үйлчилгээ үзүүлнэ. “Петроматад лимитед”-ийн
туршлагаар nomad маш чухал. Энэ тухай олон улсын туршлагыг “Matrix”
компанийн төлөөлөгч илтгэл тавьсан. Харин дараачийн том шат бол хөрөнгө
оруулалтын компани. Бизнес төлөвлөгөө, менежментийн туршлагатай багт
хөрөнгө оруулагчид “OK”. Энэ тавцанд ирэх хүртэл маш нарийн ажиллагаа,
хүч хөдөлмөр шаардагддаг ба анхнаасаа зөвлөх компаниа оновчтой сонгох нь
чухал. Монголын компаниуд дунд хэмжээний хөрөнгө оруулалтыг хамгийн их
сонирхдог юм билээ. Ийм тохиолдолд Лондонгийн хөрөнгийн биржийн хоёрдагч
зах зээлд гарах нь илүү оновчтой гэнэ. Одоогоор гадаадын 70 гаруй
улсын 613 компани уг биржид бүртгэлтэй ба эдгээр компаниудын хөрөнгийн
зах зээлд эзлэх хөрөнгийн хэмжээ 2.9 тэрбум ам.доллар болсон байна.
Харин уул уурхайн салбар бол тус биржийн хоёр дахь том зах зээл юм.