Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Уимблдон"-ы эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга өнөөдөр тодорлоо. Өнгөрөгч зургадугаар сарын 23-нд Английн Лондон хотын All England Tennis Club-т эхэлсэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээд Чехийн Петра Квитова, Канадын Эжени Бучард нар шалгараад байсан. Төв кортод болсон шигшээ тоглолт 55 минут үргэлжилж, 6:3, 6:0-ийн харьцаагаар Квитова ялалт байгууллаа. Квитова 2011 оны "Уимблдон"-нд түрүүлж байсан бөгөөд сүүлийн хоёр жил шөвгийн наймд шалгарсан амжилтыг үзүүлээд байсан. Энэ жилийн түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь гуравдугаар тойрогт оноолт таарсан АНУ-ын Винус Уильямс байсан. Тэдний тоглолт гурван сет үргэлжилж, 5:7, 7:6, 7:5-ийн харьцаагаар Квитова ялалт байгуулсан. Квитова "Уимблдон"-нд түрүүлснээр 1 сая 760 мянган еврогийн шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртэж байна.
2012 оны "Уимблдон"-ны залуучуудын аварга Бучард энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн" болон "Роллан Гаррос"-ын хагас шигшээд шалгарсан. "Уимблдон"-ы финалд хүрэхдээ өрсөлдөгчдөө нэг ч гэм алдаагүй байсан Бучард шигшээ тоглолтод 3:6, 0:6-аар ялагдал хүлээлээ. Тэмцээнд 13-т эрэмбэтэй тоглосон Бучард хагас шигшээд Румыны Симона Халепийг 7:6, 6:2-оор хожиж, финалд шалгарсан. Тэрээр 880 мянган еврогийн шагнал хүртэж, чансааны 1300 оноо хүртжээ.
20 настай Эжени Бучард "Уимблдон"-ы шигшээд шалгарснаар анхны Канад теннисчин "Их дуулга"-ын шигшээд шалгарсан түүхэн амжилтын эзнээр бичигдлээ.