Өнгөрсөн жилийн өдийд МАН-ынхан “Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт тусах ёстой Ардын хувьсгалын 92 жилийн ой гэх үгийг эрх баригчид зориудаар хасч, түүхийг бүдгэрүүлсэн байна” гэж нэг их зарга үүсгэснийг уншигчид санаж буй нь лавтай.
Уг нь бол эрх мэдэлтнүүд “Ардын хувьсгалын 92 жилийн ой гэх үгийг хасна шүү” гэж хэнд ч лүндэн буулгаагүй, гол нь төрийн албаныхны ажилдаа хайнга хаддаг, урагшгүй байдлаас л улбаалж, дээрх алдаа гарсан. Тиймдээ ч алдааг тэр даруй залруулж байв.
Харин цөөнхүүд наадам дөхөнгүүт тэрхүү явдлыг гэнэт санасан бололтой, өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Шадар сайд Д.Тэрбишдагвад хандан дахин шаардлага хүргүүлсэн байх юм. Шаардлагынх нь хариуг Шадар сайд уржигдар хэвлэлийнхнийг цугуулж “нижгэр” өглөө. Энэ жилийн баяр наадмын хөтөлбөрөөс Ардын хувьсгалын 93 жилийн ой гэх үг хасагдаагүй гэж… Жил бүрийн наадмын өмнө Шадар сайд ийм мэдэгдэл хийдэг болох юм уу, хаашаа юм. Ямар ч завтай, зайтай сайд юм, ердөө дээрх үгийг УИХ дахь МАН-ын бүлэгт хариу болгон өгөхийн төлөө хэвлэлийнхнийг цуглуулсан нь тэр.
Өнөөдүүл нь ч хийх ажилгүй юм болохоор энэ мэт зүйлээр оролдох нь зугаатай байдаг байж мэдэх юм. Гэхдээ МАН-д өгөх нэг зөвлөгөө байна. Улс орнууд түүхээ аль болох урагшлуулахын төлөө зорьдог байхад Монгол Улсын түүх зөвхөн 1921 оноос эхэлж буй юм шиг аашилж, аягладагаа хэзээ болих юм бэ?.
Монголын тулгар төр Хүннүгийн үеэс эхтэй гэдгийг дунд сургуулийн сурагчид ч андахгүй мэднэ. Харин МАН-ын гишүүд үүнийг мэддэггүй юм уу, эсвэл мэдсээр байж муйхарладаг юм уу.
Жил бүрийн наадам дөхөхөөр Ардын хувьсгалын түүхт ойг үгүйсгэж байна, бүдэгрүүлж байна гэж хэрүүл зарга үүсгэдэг зуршилтай боллоо. Тэр тусмаа 1921 оны хувьсгалыг зөвхөн Ардын намынхан өмчлөх ёстой юм шиг аашилдагаа болихгүй бол ард түмний хилэн бадарч мэдэх юм шүү.
Ардын хувьсгалд ганц Ардын намын гишүүд оролцоод амиа өгөөгүй юм, ардын хүүхдүүд ч өргөсөн юм шүү дээ. Түүх түүхээрээ үлдэг, түүнийг харин бүү улстөржүүл…
Д.ШАРХҮҮ