Хуучирсан мэдээ: 2014.07.05-нд нийтлэгдсэн

Нэгэн танил маань ярьж байна. Сумынх нь 90 жилийн ой болж байгаа болохоор төрсөн, тэлсэн хүн болгоноосоо мөнгө татаж эхэлжээ. Гэтэл “нарийндаа хатсан” нэг нөхөр мөнгө өгөхгүй гэж гүрийсэн нь нутгийн зөвлөлийнхний дургүйг нь хүрээд зогсохгүй сумандаа битгий ирээрэй гэсэн дарамтанд өртсөн бололтой.

Энэ жил 17 сумын зуу гаруй сум 90 жилийнхээ ойг тэмдэглэхээр болжээ. Ойдоо очих гэсэн хүмүүс ч унаа тэргээ сольж, нутгийн зүг хүлгийн жолоог залахаар бэлтгэлээ базааж эхэлсэн бололтой нэг хэсэг таг чиг байсан машины наймаа сүүлийн үед эрчимжиж эхэлсэн гэх мэдээлэл байна. Аймаг сумынхныхаа өмнө аав, ээж, ах дүүсийнхээ нэрийг бодсон  ч тэр гайгүй унаатай очихгүй юм бол хэцүү юм билээ гэж өнгөрсөн жил нутгийнхаа 90 жилд очоод ирсэн найз маань ярьж байсан нь санаанд оров.

  Манайхны нэг нэрэлхүү бардам зан байдаг. Тэр ч утгаараа аймаг, сумынхаа ойгоор баян цатгалан очихгүй бол болдоггүй юм шиг байна лээ. За энэ ч яахав, нэрэлхээд нэрээ идэх биш. Тэгээд ч баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаа байж уу.

 Сүүлийн үед нутаг нугын ойтой холбоотойгоор орон нутгаас нэгэн онигоо шиг шийдвэр гаргадаг болсон байна лээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын гаргасан шийдвэр жалга довны үзэлтэй монголчуудын нэг том дутагдлын тод гэрч болж байна. Тус аймгийн удирдлагууд гадны бөхийг нутгийнхаа ойд барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргаснаа “Эртний хүчит бөхчүүд хийгээд хурдан шандаст алтан тууртын өлгий Сүхбаатар аймгийн баяр наадам жил бүр долдугаар сарын эхээр болдог уламжлалтай. Сүүлийн жилүүдэд төрийн наадмын дэвжээнд адууныхаа хурдан хурцаар ялгарч байгаа тус аймгийн уяачид улсын наадамд ирж уралдан нутаг орныхоо нэрийг гаргасан сайхан амжилт үзүүлж байгаа. Иймд бид баяр наадмаа улсын их баяр наадмын сунгаан байдлаар эрт хийж байна. Харин улсын наадамтай давхцуулалгүй эрт хийж байгаа энэ байдлыг маань далимдуулан гадны аймгийн бүлэг бөхчүүд ирж наадам будлиантуулдаг болоод байна. Одоогоос гурван жилийн өмнө Увс болон Говь-Алтай аймгийн бөхчүүд ирж барилдан улсын цолтнууд нь аймгийн бага цолтноо том цолонд зүтгүүлж хоорондоо марган зодоон цохиондоо хүрсэн.

Говь-Алтайн нэр бүхий залуу бөхийг хасаж байж наадмаа үргэлжлүүлсэн. Манай аймгаас улсын цолонд барилдах бөхчүүд нь төрийн наадамд зодоглож, залуус нь орон нутагтаа барилдаж байгаа. Улсын цолтнуудын удаа дараагийн ийм бусармаг үйлдлээс болоод бүтэн жилийн турш бэлтгэлээ хийж, бөхийн дэвжээний үнэн хүчийг үзэхээр зорьж байгаа манай нутгийн залуус хохирч үлддэг. Улсын цолтнууд чимэг нэмэх гэж барилдахгүй нь тодорхой. Сүхбаатар аймгийн залуусыг барилдахаар очиход Хэнтий, Дорнод гээд бусад аймгуудад барилдуулахгүй байгаа. Иймд энэ жилийн Сүхбаатар аймгийн баяр наадмыг тус аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тушаалаар хаалттай хийх болсныг мэдэгдэж байна” хэмээн тайлбарлаж.  

Энэ бол ил тодоор илэрхийлсэн мэдэгдэл. Үүний цаана хичнээн сумынхан өөр нутгийн бөх, морийг уралдуудахгүй гэсэн шийдвэр гаргаад сууж байгаа хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан монголчуудын жалга довны үзэл хэрээс хэтэрч, “Би энэ наадмыг үзэхгүй гээд хаяад явдчихдаг Богдын хатан шиг авир гаргах нь холгүй болж. Бараг ч зарим эхнээсээ ил тодоор илэрхийлж эхэллээ.

“Миний авгай минийх, чиний авгай минийх” гэдэг шиг тэнэг шийдвэр гаргаж ой тэмдэглэж байхаар огт тэмдэглэхгүй байсан нь дээр биз. Ойгоороо хэдэн шалдан бөх барилдуулж, морь уралдууллаа гээд улс орон аймаг сумын хөгжилд ямар нэмэртэй вэ?

Ойг тойрсон хошин шогийн гоё, гоё үзүүлбэрүүд одооноос жинхэнэ утгаараа эхэлж байх шиг.

 Н.ХҮСЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж