Бразил, Герман хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.05-нд нийтлэгдсэн

Бразил, Герман хагас шигшээд шалгарлаа

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулэх тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болж, Бразил, Герман улсын шигшээ багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа.

Тоглолт 57: (Бразил улсын Рио де Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх)

Франц – Герман 0-1

Гоол: Хуммельс 13'

Франц Нигэрийг (2-0), Герман Алжирийг (2-1) хожиж, шөвгийн наймд шалгараад байсан бөгөөд тэдний тоглолт өнгөрсөн шөнө болж, Германы ялалтаар өндөрлөлөө.

Энэхүү дэлхий аваргад Испани, Англи, Итали зэрэг дэлхийн аварга цолыг хүртээд байсан найман баг оролцсоноос Бразил, Герман, Аргентин, Уругвай, Францын шигшээ багууд шөвгийн 16-д шалгарсан.  Харин тэднээс дэлхийн гурван удаагийн (1954, 74, 90) аварга Герман, анх удаа 32 баг өрсөлдөж эхэлсэн 1998 оны дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулж, аваргын цомыг хүртэж байсан Франц улсын шигшээ багууд шөвгийн наймд учраа таарлаа. Хэсэгтээ сулхан өрсөлдөгчтэй Франц, Португаль,Гана зэрэг хүчтэй багийг ардаа орхиж гарч ирсэн Германы шигшээ багийн тоглолт энэхүү дэлхийн аваргын нэгэн онцлох тоглолт болон үлдлээ. Өмнө нь дэлхийн аваргад гурван удаа учраа таарахад Герман хоёр, Франц нэг хожлыг авч байсан бол энэ удаа германчууд хожлын харьцаагаa 3-1 болголоо.

Тоглолтын 13 дахь минутад Крооссын дамжуулсан бөмбөгийг Германы төвийн хамгаалагч Хуммельс мөргөн гоолдож, тоглолтын хувь заяаг шийдсэн. Энэхүү гоол орсноос хойш аль аль нь гоол оруулж чадалгүй тэмцээнийг дуусгасан. 2002 онд мөнгө, 2006, 2010 онуудад хүрэл медаль хүртсэн Германы шигшээ баг сүүлийн дөрвөн дэлхийн аваргад хагас шигшээд шалгарсан багаар тодорч байна.

Франц Е хэсэгт Гондурас(3-0), Швейцарийг(5-2) хожиж, Эквадорын(0-0) улсын шигшээ багтай тэнцсэн бол Герман G хэсэгт Португаль(4-0), АНУ(1-0)-г хожиж, Ганатай (2-2) тэнцээ хийснээр хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн 16-д Франц Нигэрийг (2-0), Герман Алжирийг (2-1) хожсон юм.  

Тоглолт 58: (Бразил улсын Форталеза хотын "Кастелон" цэнгэлдэх хүрээлэн)

Бразил – Колумб 2:1

Гоол: Сильва 8', Луис 69' – Родригес 78'

Тэмцээнийг зохион байгуулагч Бразил улсын хувьд тус дэлхийн аваргад оргил амжилтаа үзүүлээд байгаа Колумбийн шигшээ багийг олон сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө заавал хожих үүрэгтэй байсан. Энэ ч даалгаварыг амжилттай биелүүлж, 2-1-ийн харьцаагаар бразилчууд илүүрхэж, хагас шигшээд шалгарлаа.

Тоглолтын найм дахь минутад Неймарын булангаас дамжуулсан бөмбөгийг багийн ахлагч, төвийн хамгаалагч Сильва оруулснаар бразилчууд анхны гоолоо орууллаа. Эхлэлийг маш сайн тавьсан бразилчууд сэтгэл зүйн давуу байдлаа ашиглаж, үндсэн тоглолтоо үзүүлж эхэлсэн. Тоглолтын эхний хагаст гоолгүй өндөрлөж, хоёрдугаар үеийн 69 дахь минутад хамгаалагч Луис хаалттай цохилтоос гоол хийснээр бразилчууд давуу байдлаа улам хадгалж чадсан юм.

77 дахь минутад Сезар торгуулийн талбайдаа Рамосыг дэгээдэн унагааж, шүүгч энэ алдаанд нь пенальти өгсөн. Торгуулийн цохилтыг Родригес амжилттай гүйцэтгэж, тоглолтын харьцааг 2:1 болгосон. Хэдийгээр үлдсэн цагт колумбчууд тооны харьцааг тэнцүүлэхийг оролдсон ч Бразилийн хана хэрэм мэт хамгаалалтыг давж чадаагүй юм.

ДАШТ-нд тав дахь удаагаа оролцож буй Колумбийн шигшээ баг мундиалд оргил амжилтаа үзүүллээ. Мөн 22 настай Колумбийн Родригес энэхүү дэлхийн аваргад зургаан гоол хийсэн амжилтаар мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний араас дөрвөн гоолтой гурван тоглогч бий.

Ийнхүү 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй дэлхийн таван удаагийн аварга Бразил, дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг өрсөлдөгчөө хожсоноор шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор шалгарлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж