Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

ЭЗБХ-оо юу амжуулав

УИХ-ын хаврын чуулганы ээлжит хугацаанд Эдийн засгийн байнгын хороо нь нийтдээ 20 удаа, хуулийн төслийн болон хяналтын чиглэлээрх ажлын хэсгүүд 60 гаруй удаа тус тус хуралдсан байна. Ингэхдээ давхардсан тоогоор 50 гаруй асуудал хэлэлцэж, 16 ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ.

Чуулганы хугацаанд тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн 22 хууль, 10 тогтоолыг эцэслэн баталж, Олон улсын нэг гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, Чөлөөт бүсийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүд, тэдгээрийг дагалдсан нийт 70 гаруй хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм байна.

Макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлж, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн зардлыг илүү хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах бодлогын хүрээнд “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталжээ. Уг тогтоолоор гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийг эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилт, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх” гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн 26 арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтран авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

 Мөн Газрын тосны тухай хууль/шинэчилсэн найруулга/ батлагдан гарснаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болж, газрын тосны салбарт төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын эрх, үүрэг, газрын тосны нөөц ашигласны төлбөр, хураамжийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой зохицуулалтуудыг боловсронгуй болгожээ. Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортоос хамааралтай байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгож байгаа аж. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хэвээр хадгалсан нь хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгчээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын чанарыг сайжруулах. Ашигт малтмалын баялаг, нөөцийн тухай нэр томьёог олон улсын жишгээр хуульчлах, Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг тодорхой хугацаанд хориглож байсан эрх зүйн зохицуулалтыг цуцалсан байна.

Үүрэн телефон хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх үед тухайн ашиглаж байгаа дугаарыг солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглуулах боломж олгох замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг идэвхжүүлэх чиглэлээр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Тайлант хугацаанд зээлийн хүү бууруулах асуудлыг судлан боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ. Уг ажлын хэсэг “Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн 2014-2016 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” боловсруулж, холбогдох яам, газруудаар хэлэлцүүлэн батлуулж, мөрдүүлэхээр Засгийн газарт хүргүүлсэн байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж