Монголын түүх бичлэг ба түүхэн социологийн асуудлууд

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Монголын түүх бичлэг ба түүхэн социологийн асуудлууд

Саяхан буюу 2014 оны 6 дугаар сарын 12-нд “Монголын түүх судлал: Түүхийн философи, шинэ хандлага, тулгамдсан асуудлууд симпозиум” болсон юм. Тэр симпозиумд сэтгүүлч А.Баатархуяг бид хоёр энэ илтгэлийг бэлтгэж оролцсон юм. Аливаа хуралд байдгийн адил нэлээд товчилж уншсан нь мэдээж хэрэг. Энэ илтгэлийг хуралд оролцсон түүхчид ихээхэн ойлгож хүлээн авсанд бид хоёр ихэд талархсан. Ингээд уг илтгэл бүрэн эхээрээ энэ байна…

Монголын түүх бичлэг хаосын байдалд байна. Энэ нь монгол үндэстэн үндэсний үзэл санаа байхгүйтэй холбоотой. Гэтэл үндэсний үзэл санааг төр гаргадаг гэж боддогт манай хамаг эмгэнэл оршдог. Аливаа төрд цаг ямагт тэнэг биш юмаа гэхэд шилдэг хүмүүс хэзээ ч байгаагүй. Энэ бол бүх дэлхийн үзэгдэл. Одооны Монголын төрд бол ухаантай боловсролтой хүн бүр нэг ч ширхэг байхгүй. Тэгээд хэн үндэсний үзэл санааг гаргах гэж…?! Түүхчид үү?! Бас л биш. Яагаад гэвэл эрх баригчид түүхчдээр зөвхөн “намтраа” л бичүүлж, магтан дуулуулдаг байсан. Иймээс улс үндэснийг түүхэн шинэчлэл рүү уриалан дуудаж, зоригжуулж байсан түүхч нэн ховор байдаг юм.

Түүхийн философид суралцах тухай
Тэгвэл одоо хүртэлх түүх гэж юу юм?! Одоо хүртэлх түүх бол төрийн түүх, хаад ноёдын түүх, дайн байлдааны түүх юм. Товчлон хэлбэл улс гүрний түүх юм. Нийгэм хөгжиж олон зүйл өөрчлөгдсөн боловч түүх бичлэгийн энэ мөн чанарт онцын их өөрчлөлт ороогүй. Гэвч өөрчлөлт оруулахын төлөө олон зүйл хийж байгаа. Чухам энэ асуудал түүхэн философид хамаарна. Үүнийг ойлгохгүй юм бол түүх бичих гэж оролдсоны хэрэг байхгүй.

Одоо нэг асуулт. Яагаад Нэгдсэн Үндэстний Байгууллагыг (НҮБ) Нэгдсэн Улсуудын Байгууллага гээд нэрлэж болоогүй юм ?! НҮБ-ийн өмнөх байгууллагыг бас л “Лига Наций” (англ. League of Nations) гэдэг байсан. Яагаад?!

Яагаад гэвэл улсууд бол хөдлөнги, үндэстэн бол тогтонги байдаг учраас тэр. Одооны улс гүрнүүдийг онолын хэллэгт “үндэстэн-улс” гэдэг. Улс гүрнүүд үндэстнээс тогтдог. Иймээс үндэстэн бол улс гүрний тулгуур, суурь, язгуур үндэс. Иймээс үндэстний түүх, улсын түүх, төрийн түүх, нийгмийн түүхүүд бүгдээрээ нийлж байж эх түүх гэсэн тулгуур, суурь, язгуур үндсийг бүрдүүлдэг. Эндээс түүхийн ач холбогдол, үүрэг, шаардлага гарч ирнэ.

Болж өнгөрсөн түүхэн үйл явдал, баримтуудыг олж байгаад түүх бичнэ гэвэл үлгэр болно. Яагаад гэвэл түүхэн үйл явдал хүмүүс болон хүмүүсийн нийтлэгийн байнгын зөрчил дунд явагддаг, түүхэн баримт өөрөө үй түмэн зөрчилтэй тохиолдолд хэзээ хойно, түүний буруу зөвийг олж тогтооно гэдэг бол үнэнхүү тэнэглэл болно. Энэ тохиолдолд түүхэн үйл явдлыг үнэлж дүгнэх, шаардлага гарах бөгөөд энэ нь түүхэн өнгөрсөнд биш, харин өнөө болон ирээдүйд хамаарна. Харин энэ бол дан ганц түүхчдийн мэдэх хэрэг биш юм. Энэ нь бас л түүхийн философи, онолын социологийн асуудал юм. Танин мэдэхүйн асар том энэ зөрчил дээр түүхэн философи хийгээд онолын социологи үүссэн юм.

Түүхийн философийн асуудлыг “түүхийн дотоод асуудлууд” болон “түүхийн тухай” асуудал гэж хоёр хуваан үздэг. Манайд бол ингэж ангилах нь байтугай энэ ангиллыг ч анх удаа сонсож байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ бол Оксфордоос эхтэй нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл ангилал юм.

Тэгэхээр түүхчид “түүхийн дотоод асуудлыг” судалдаг, түүхийн философчид болон онолын социологичид “түүхийн тухай” асуудлыг судалдаг юм. Иймээс монголын түүхчид “Бид дангаараа л түүхийг судална, яагаад гэвэл бид л мэргэжлийн…” гэж өмчилдөг нь утгагүй бөгөөд ичмээр үзэгдэл.

Баруунд түүхийн философи хамгийн хүндтэй байр суурь эзэлдэг. АНУ-ын дээд сургуулийн нийгмийн ухааны бараг багш нар голдуу философийн доктор байдаг. Түүхэн социологи, түүхэн улс төр гэхчлэн түүхээс нь салгаж үздэг нийгмийн ганц ч шинжлэх ухаан байдаггүй. Харин манай Монголд бүгдийг нь салгаж, жижиглээд тэр жижиг хүрээндээ бүгдээрээ томорч, бүгдээрээ шинжлэх ухааны “хан” суух гэсэн “феодалын бутралын сэтгэхүйтэй” солиотнууд дүүрэн байна. Ингэхээр чинь эхлээд түүх, тэгээд нийгмийн бүх ухаан сөнөдөг юм.
Английн нэрт түүхч, дипломатч Эдвард Карр: “Түүхийн философгүйгээр явахыг оролдож буй түүхчид бол өнөөдөр хотын захын ногооны газарт Эдемийн цэцэрлэг байгуулах гэж их зан гарган, утгагүй нямбайлж буй нүцгэн хүмүүсийг (нудист) санагдуулдаг” гэж хэлснийг сайн тогтоож авагтун. Иймээс Монголын түүхчид бол түүхэн философи ор тас мэдэхгүйгээр барахгүй, түүнийг мэдэхийг улайран эсэргүүцдэг нийгмийн дэвшлийн эсрэг бүлэг мөн.

Хуучин нийгэмд ч түүхчдэд марксизм гэж зааж байгаагүй. Нээрээ шүү!!! Тэгээд юу зааж байсан юм бэ?! гэж үү? Түүхэн болон диалектик материализм гэж зааж байсан. Тийм биз дээ?!

Энэ түүхэн материализмд чинь түүхээ бичих ерөнхий арга зүй байсан юм. Мэдээж хэрэг формацийн онол талаасаа. Харин диалектик материализмд нь танин мэдэхүйн ерөнхий арга зүй байсан юм. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хөгжлийн явцад хурааж хуримтлуулсан шим шүүс нь тэнд байсан. Тийм болоод л хамтад нь заагаад байсан юм.

үргэлжлэл: ganaa.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж