Мөнгөний бодлого өөрчлөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлого өөрчлөгдөх үү?

УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулган өндөрлөсөн. Чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “…Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна.

…Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлж, эрэлтийг хязгаарлах шаардлага тулгарч магадгүй. Зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч, эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байна” гэж онцолсон. УИХ-ын даргын хэлсэн энэ үгтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд, судлаачид, эрдэмтэн багш нараас байр суурийг нь сонирхлоо.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

“Аливаад золиос хэрэгтэй”

-Ханш болон инфляцийн өсөлтийг хазаарлахын тулд мөнгөний бодлогыг чангалах хэрэгтэй. Ажлын байрыг аврах гэж байгаа нь гээд байдлыг улам хүндрүүлж болохгүй. Эрсдэлтэй, зоримог шийдвэр зарим үед зөв алхам болдог.

Мэдээж аливаа зүйлд золиос гардаг. Тиймээс 10 ажлын байрны 3-ыг нь золиослоод богино хугацаандаа эдийн засгаа сэргээхийг зорих нь чухал.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

“Чангалах шаардлагагүй” 

-Мөнгөний бодлогын хүүг чангалах шаардлагагүй. Тэр тусмаа одоогийн нөхцөлд бодлогын хүүнд өөрчлөлт хийх гэж оролдох хэрэггүй. Харин үүний оронд төсвийн урсгал зардлаа сайтар хумьж, төсвийн сахилга батаа сайжруулах хэрэгтэй. Хэрэв бодлогын хүүг нэмлээ гэхэд эдийн засагт төдийгүй бизнесийн идэвхжил, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зээлийн хүү өсөх сул талтай.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

“Мөнгөний бодлогоо хатууруулах нь зөв”

-Мөнгөний бодлогоо яг одоо чангаруулах нь зөв. Ингэснээр валютын ханш харьцангуй тогтворжиж, төгрөгийн уналт саарна. Эдийн засаг арай л бага хохирол амсах болно.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

“Өөр сонголт байхгүй”

-Өөр сонголт байхгүй. Мөнгөний бодлогыг хатууруулж байж л бодитой тулгарч байгаа эдийн засгийн уналтыг зөөллөнө. Хохирол мэдээж гарна.

Гэхдээ эдийн засгийн хүндрэлийг аль болох л бага хохиролтойгоор давах нь чухал. Бодлогын хүү үл хөдлөх хөрөнгийн салбарт илүү хүчтэй нөлөөлнө.

 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Чангал гэж хатуу онолдож болохгүй”

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Ийм үед төсөв, мөнгөний бодлого чанга байх нь оновчтой. Гэхдээ мөнгөний бодлогын хүүг чангал гэж шууд хэлэхэд эрт байна. Өөрөөр хэлбэл, чангал гэж хатуу онолдож болохгүй. Төсвийн үргүй зардлыг л багасгаж, төсвийн зарцуулалтад хариуцлагатай хандах хэрэгтэй.

 

МУИС-ийн ахлах багш, доктор Б.Алтанцэцэг:

“Үнийн өсөлт саарах, инфляцийг боломжит түвшинд барих зэрэг нааштай үр дагавар гарах боломжтой”

-Мөнгөний хатуу бодлого нь эрэлт их үед үнийн өсөлтөөс урьчилан сэргийлэх, мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Манай улсын нийт эрэлт буурч байгаа үед мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэхэд олон сөрөг үр дагавар гарах магадлалтай. Энгийнээр хэлэхэд, өрхүүдийн хувьд хэрэглээгээ улам л бууруулах шаардлага гарна.

Тэгэхээр эрэлт буурна гэсэн үг. Улмаар эрэлтээ дагаад үйлдвэрлэл хүртэл буурах сөрөг хандлага гарна. Гэхдээ мөнгөний нийлүүлэлтийг бууруулснаар гадаад валютын ханшийг харьцангуй тогтвортой байлгах магадлалтай юм. Мөн үүнийгээ дагаад үнийн өсөлт саарах, инфляцийг боломжит түвшинд барих зэрэг нааштай үр дагавар гарах боломжтой. 

 

Эдийн засгийн ухааны доктор, Сангийн яаман дахь төслийн зөвлөх Э.Сандагдорж:

“Бодит секторт хор хохиролтой ч, санхүүгийн салбараа хамгаалах эерэг нөлөөтэй”

-Төлбөрийн баланс алдагдалтай, ханшаас шалтгаалсан суурь инфляци өссөн, гадаад актив буурсан ийм тааруу орчинд санхүүгийн сектороо эрсдэлд оруулж болохгүй. Хэрэв мөнгөний бодлогыг хатууруулах бол шалтгааныг нь би эдийн засагт нийт мөнгө илүүдсэндээ гэж хэлэхгүй.

Харин мөнгөний нийлүүлэлтийн бүтэц дотроо доллар нь хомсдоод байна. Тэрнээс болж банкны салбарт үүсч мэдэх эрсдэлээс хамгаалах нэг арга зам нь мөнгөний хатуу бодлого гэж хэлнэ. Уул нь төлбөрийн балансаа сайжруулах, долларын урсгалаа эрс нэмэгдүүлэх дорвитой алхмууд хийж чадаад, төсвөө сайтар хумьж тодотгоод, төлбөрийн балансад дарамт учруулдаг улсын төсвөөс гадуурх зарцуулалтыг цэгцэлсэн байсан бол их л хэрэгтэй байлаа.

Тэгсэн бол мөнгөний бодлогыг хатууруулах шаардлага ч нэг их гарахгүй байсан биз. Харамсалтай нь одоо нийт эрэлт, зээлийн өсөлтийг сааруулж, бодит сектортоо нэмж ачаалал авч байж л тогтвортой байдлаа хадгалж үлдэхээс өөр сонголтгүй болж байх шиг байна. Мөнгөний бодлогыг хатууруулснаар хувийн сектор, ажлын байр улам л хумигдана. Эдийн засгийн өсөлт дахиад саарна. Хүсэх юм, эерэг зүйл ердөө ч биш. Гэхдээ энэ нь бодит секторт хор хохиролтой ч, санхүүгийн салбараа хамгаалах эерэг нөлөөтэй.

 

МУИС-ийн багш, доктор Л.Оюун:

“Макро түвшинд энэ бодлогыг хэрэгжүүлэх нь зөв”

-Ер нь бол үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй байгаа үед мөнгөний хатуу бодлого нь зөв байдаг. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд инфляци өсөхгүй байх учиртай бөгөөд мөнгөний нийлүүлэлт бага байх шаардлагатай.

Үүнийг хатуу бодлого гэж ойлгож болно. Мөнгөний илүүдэл нийлүүлэлт үнийг улам өсгөх эрсдэлтэй учраас тодорхой хэсгийг нь гүйлгээнээс татах хэрэгтэй.

Монголбанк бодлогынхоо хүүгээр нийт эрэлтийг хумьж инфляцийг барина гэж бодсон ч, засгийн газар улсын төсвөөр, бас төсвөөс гадуур мөнгө нийлүүлээд, эрэлтийг өдөөгөөд байж таарахгүй. Тиймд улсын төсөв, төсвөөс гадуурх зарцуулалтыг адилхан хумихгүй бол болохгүй. Үүн дээр би их санаа зовж байна.

Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ, мөнгөний нийлүүлэлтийг хумина гэж бодож байгаа бол Монголбанк, Засгийн газар хоёулаа адилхан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдаатай яваасай гэж хүсч байна. Үгүй бол үр дүнгээ өгөхгүй. Мэдээж, аж ахуйн нэгжийн борлуулалтын үнэ буурах, банкны зээл олголт хумигдах гэх мэт сөрөг үр дагавар гарна. Гэхдээ макро түвшинд энэ бодлогыг хэрэгжүүлэх нь зөв.

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Ш.Алтанцэцэг:

Мөнгөний бодлого хатуурах нь тав, арван жил үргэлжлэх мөнхийн зүйл биш”

-Бидэнд бодлогын хувилбар байгаа. Богино хугацаанд мөнгөний бодлогоо хатууруулбал дунд, урт хугацаанд эдийн засаг эрүүл, тогтвортой өсөх боломжтой болно. Манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт зогсч, гадаад валютын орж ирэх урсгал эрс татарсан өнөөгийн нөхцөлд бодлогын зөв хувилбар нь энэ. Мөнгөний бодлого хатуурах нь тав, арван жил үргэлжлэх мөнхийн зүйл биш. Макро эдийн засаг маань тогтворжсон, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин илүү сайжирсан нөхцөлд бодит эдийн засаг, хувийн сектороо эргээд дэмжсэн бодлогоо хэрэгжүүлэх нь зүйтэй.

 

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан:

“Богино хугацааны эрсдэлтэй боловч макро түвшиндээ урт хугацаанд эрсдэл, хүндрэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж чадна”

-Манай эдийн засгийн хувьд яг одоогийн нөхцөл байдалд бол мөнгөний хатуу бодлого нь илүү зохимжтой болоод байна л даа. Макро эдийн засгийн цаашдын том эрсдэлээс хамгаалж, ойрын хугацаанд жижиг хүндрэлийг тоохгүй байя, түүнийг хүлээн зөвшөөрье гэсэн үг л дээ. Миний хувийн бодлоор бол манай улсад яг одоо мөнгөний нийлүүлэлтийг дэмжих шаардлагагүй.

Яагаад гэвэл гадаад актив буурсаар байгаа болохоор мөнгөний нийлүүлэлтийг бодит эдийн засагт нэмэгдүүлэх гол нөхцөл нь бүрдэж өгөхгүй байна. Ийм орчинд мөнгөний тэлэх бодлогыг цаашид үргэлжлүүлээд байвал эдийн засагт сөрөг үр дагавартайн дээр эрсдэл үүсэх нь тодорхой. Мөнгөний бодлогыг хатууруулснаар богино хугацаандаа аж ахуйн нэгж, иргэдийн нуруунд мэдээж сөргөөр нөлөөлнө. Байгууллага, иргэдийн худалдан авалтанд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ энэ бол байж болох үзэгдэл. Яагаад гэвэл энэ нь богино хугацааны эрсдэлтэй боловч макро түвшиндээ урт хугацаанд эрсдэл хүндрэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж чадна.

 

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Б.Мөнхзаяа:

“Мөнгөний хатуу бодлого явуулах нь бага эрсдэл хүлээнэ”

-Миний хувьд мөнгөний хатуу бодлого явуулахыг дэмжсэн байр суурьтай байгаа. Нэг ёсондоо үнийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв. Мэдээж хэрэг аль ч бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг, сөрөг тал байгаа.

Ямар ч байсан мөнгөний нийлүүлэлтийг дэмжээд, үнийн өсөлт, ханшаа алдаж байснаас одоогийн байдлаар мөнгөний хатуу бодлого явуулах нь арай бага эрсдэл хүлээх юм.

Ярилцсанд баярлалаа.

Б.ТОГТОХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж