Совесть гэдэг үгийг хашилтад бичлээ. Ер нь энэ үгийг оросоос монгол руу орчуулж болдоггүй байх. Шатрын олон улсын мастер, Орост их сургууль дүүргэсэн Нямаагийн Төмөрхуяг багш л биднийг МУИС-д оюутан байхад иймэрхүй зүйл ярьж байсан санагдана…
1994 онд Улсын баяр наадамд 768 бөх барилдлаа. Уламжлалт 512-оос олон бөх барилдахаар даваа хөнгөрч шинээр 9 начин төрөв. Тэдний нэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Хэнмэдэхийн Түвшинсанаа. Түүнийг 3, 4-ийн даваанд улсын арслан Ж.Чойжилсүрэн, П.Дагвасүрэн нар амлан барилдаж хүчрэлгүй унасан бөгөөд 5-ын даваанд хадам аав нь болох Д.Амгаа заан амлан авч өвдөг шороодон начин цолонд хүргэв.
Дархан аварга Ж.Мөнхбат 5-ын даваанд Х.Түвшинсанаагийн төрсөн ах улсын начин Хэнмэдэхийн Амарааг “хүч үзэн” хаялаа. Бөхийн хорхойтон наадамчид “Мөнхбат аварга 6 давбал 7-гийн даваанд улсын начин Б.Жавхлантөгс, Р.Гансүх нарын аль нэгнийг амлаж заан төрүүлэх гэнэ. Аваргад 6-гийн даваанд хаях бөх ч олдохгүй дээ. Х.Амараа чинь 1991 онд Ж.Мөнхбат аваргаар 5 давж начин болсон бөх. Сая 5-ын даваанд аваргад ойчоод өглөө. Тэгэхээр төрсөн дүүг нь (Х.Түвшинсанаа) 6-гийн даваанд буулгаж 7-д гарч ирэх нь” хэмээн тааж өөр хоорондоо ярьж байв. Наадамчдын таавар үнэн болж, дархан аварга Ж.Мөнхбат аварга 6-гийн даваанд шинээр начны болзол хангасан Х.Түвшинсанааг амлажээ.
Д.Амгаа заан нь Х.Түвшинсанааг 6-гийн даваанд барилдахаар гарахад нь “Өөрийгөө бодсон “совесть”-гүй хүн л спортод амжилт гаргадаг юм. Аваргад бууж өгч болохгүй, хаяна шүү” гэж захисан гэдэг. Хожмоо улсын заан Д.Амгаа сурвалжлагчид ярилцлага өгөхдөө дээрх үгийг хэлж гаргаж байсан тухайгаа нуулгүй үнэнээр нь өгүүлж байсан.
1994 оны Улсын баяр наадмын 6-гийн давааны энэ барилдааны тухай дархан аварга Ж.Мөнхбат “… унах чи юундаа яардаг юм” гэсэн номондоо ингэж бичжээ.
-Тавын даваанд Амараа начингаа авлаа. Давчихлаа. Амараагийн дүү Түвшинсанаа Амгаа зааны хүргэн болсон юм. Тэр хадам ааваараа тав давчихдаг юм байна. Хэнмэдэх бид хоёр бие биенээ сайн мэдэх болохоор зургаад Түвшинсанааг авчихлаа. Түвшинсанаатай өрлөө. Би зургаа давчихвал хэн нэгнийг нь заан болгочих боломж байгаа юм. Би дахиж шөвгөрч чадаа ч билүү, үгүй ч билүү.
Түвшин сүрхий өрж байна. Би,
-Аваргатайгаа барилдах гэж байна уу гэсэнд
-Барилдана гэж байна.
Энэ нохой цаанаасаа явуулгатай юм байна гэж бодлоо. Амгаа, Баянаа (Баянмөнх аварга) хоёр Хөдөө аж ахуйн дээд сургуульд олон жил болсон. Тэр хоёр хоорондоо мундаг гэдгийг мэднэ. Түвшин миний сэнжигний барьцанд дөрвөн хуруугаа шуналтай нь аргагүй оруулж байна. Би далбааныхаа мөрийг жаахан султгасан чинь нилээд лав оруулахтай зэрэг нь чангалаад сүрхий хүчтэй халлаа. Гарынх нь гурван хурууны өндөг зулгарчээ. Хуруугаа боолгохоор эмч рүү явлаа.
Түвшин гурван хуруугаа боолгочихоод буцаад ирлээ. Би дахиад,
-Чи барилдах нь уу гэж асуулаа.
-Барилдана гэж байна.
Их даалгавартай нохой байх нь ээ гэж бодлоо. Бид хоёрыг өрж байтал Амараа начин(Түвшинсанаагийн төрсөн ах) засуул руу гүйж ирж байгаа харагдлаа. Би Түвшинг засуул руу шахаад хөөлөө. Амараа начин,
-Түвшөөн! гэж дуудав. Түвшин эргэж харж байна. Амараа,
-Чиний эцэг Хэнмэдэх юм уу, Амгаа юм уу гэв. Хүний том ах эцгийг орлоно гэж үнэн юм билээ. Амараагийн тэр үгийг сонсоод Түвшинсанаа шалчийхгүй юу.
Тодруулга: Долоод хэнийг амлаж авах талаар аварга нилээд бодсон гэдэг. Б.Жавхлантөгс, Р.Гансүх … нарын олон сайн начин зургаа давсан. Эцэст нь нутгийн дүү хэмээн Р.Гансүхийг амласан юм билээ. Р.Гансүхийг улсын начин, заан цолонд хүргэсэн далай даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат 1994 онд 53 насыг зооглож байлаа. (Ж.Мөнхбат, С.Түвдэнням “… унах чи юундаа яардаг юм” номын 37, 38 дугаар хуудас)
Ийнхүү улсын начин Х.Түвшинсанаа 1994 оны Улсын баяр наадмын 6-гийн даваанд совесть гаргаж өвдөг шороодсоноор тухайн өдөр “өсөх идэр” чимгээ цаашлаад харцага цолоо алдсан түүхтэй.
Учир нь, 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж бөхийн барилдааны даваа болгоныг цолтой болгосон юм. Улмаар УИХ-аас 2004 оны наадмын өмнө тус хуульд өөрчлөлт оруулж амьд сэрүүн байгаа, урьд нь 6 давсан начингуудад харцага, 8 давсан заануудад гарьд цол олгохоор болсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нарт гарди цол, Ж.Авхиа, А.Гончиг, И.Ламаажав, Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү, Ц.Юүвээ, Д.Одсүрэн, Д.Лхагва-Очир, О.Бахад, Ж.Бор, Б.Жавхлантөгс, Л.Бадарч, Г.Намсрайжав, Т.Нармандах, Ч.Даваадорж, М.Дармаабазар, Ж.Намжилдорж, Н.Саранцогт, Ц.Бэгзсүрэн, Н.Алтансүх, Ч.Чулуунбаатар, Г.Элбэг, Ц.Мягмарсүрэн, Г.Ганхуяг, Г.Батбаяр нарын 25 бөхөд харцага цол олгосон. Хэрвээ Х.Түвшинсанаа начин 1994 онд 53-тай харимал аваргыг хаяж 6 давсан бол өдийд Улсын баяр наадамд 2 удаа 5 давсан өсөх идэр начин Х.Амараа ахынхаа өмнө эрэмбэлэгдэн улсын харцага цолтой дүүхэлзэж явахгүй юу!
Х.Түвшинсанаа начны 6-гийн давааны барилдаан бол совесть гаргаж учраа бөхдөө унаснаар үндэсний спортод үзүүлэх ёстой байсан амжилтдаа(харцага цол) хүрч чадаагүйн жишээ.
Харин эсрэгээр өөрийгөө бодож барилдсанаар Монгол бөх хэмээх дэлхийд ганцхан үндэсний спортод үзүүлэх ёстой дээд амжилтдаа хүрч чадсаны торгон жишээ бол жижиг А.Сүхбат өнөөдөр дархан аварга болж байгаа явдал.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ уран хурц барилдаж, наадамчин олноо баясгаж явсан Агваансамдангийн Сүхбат аваргыг Монгол бөхөд “зургаан заан”-ыг оройлон шинэчлэл хийсэн гэдгийг бөхийн мэргэжилтэн, судлаач эрдэмтэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. “Зургаан заан” гэсэн үг 1990-ээд онд Монгол бөхөд нэр томьёо болон орж ирсэн бөгөөд одоогийн Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргууд, Б.Ганбат арслан, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг гарьдуудыг заан цолтой байх үеийнх нь ерөнхий нэр байсан.
Төв аймгийн Сэргэлэн сумд 1971 онд төрсөн жижиг хэмээх А.Сүхбат нь дархан аварга Х.Баянмөнхийн бага охин Баясгаланг авч суусан хүргэн нь бөгөөд Монгол Улсын гарьд Б.Гантогтох нь түүний хадам ах болно. Жижиг А.Сүхбат 2000, 2001, 2004 онд нийтдээ 3 удаа түрүүлэхдээ 2-т нь хадам гэхээсээ илүүтэйгээр дотнын анд нөхөр тал нь давамгайлсан Б.Гантогтохоо өвдөг шороодуулсан юм.
Тэрээр 2000 оны Улсын баяр наадмын 7-гийн даваанд Д.Сумъяабазар зааныг, 8-ын даваанд Г.Өсөхбаяр зааныг, үзүүр түрүүнд Б.Гантогтох зааныг давж 9 даван түрүүлж улсын арслан боллоо. Ингэж зургаан заанаас анхны түрүү бөх тодорсон. 2001 оны Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойгоор 1024 бөхөөс үзүүр түрүүнд дархан аварга Б.Бат-Эрдэнийг хаяж 10 даван түрүүлж, мөн л зургаан заанаас анхлан улсын аварга цолонд хүрэв.
Архангай аймгийн Батцэнгэл сумд 1973 оны сүүлчээр төрсөн Гэлэгжамцын Өсөхбаяр 2002 онд 512 бөхөөс 9 даван түрүүлж улсын арслан болж, Б.Гантогтох заан хоёр дахь удаагаа үзүүрлэлээ. Хойтон жил нь 2003 онд Г.Өсөхбаяр 512 бөхөөс 9 даван хоёр дахь удаагаа түрүүлж улсын аварга цолонд хүрсэн юм.
Ингэж зургаан заанаас 2 нь сүүлчийн 4 наадмын түрүүг хоёр хоёр удаа авлаа. Дараагийн 2004 оны наадмын 512 бөхөөс үзүүр түрүүнд А.Сүхбат, Б.Гантогтох нар шалгарсан нь аль алиных нь хувьд гурав дахь удаагийнх байсан. Гэхдээ А.Сүхбат нь ингэж үзүүр түрүүнд үлдэхдээ хоёр удаа түрүүлсэн, аварга цолтой, Б.Гантогтох нь түрүүлж чадаагүй хоёр үзүүрлэсэн, гарьд цолтой.
Наадамчин олон А.Сүхбат нэгэнт аварга цолтой учраас совесть гарган Б.Гантогтохдоо бууж өгнө гэсэн тааварт автагдаж байсансан. Харин А.Сүхбат Монгол бөхдөө гутаг суулгалгүй үнэн хүчийг үзэн барилдаж түрүүлэн Б.Гантогтохын Улсын баяр наадамд түрүүлэх босгыг хаасан удаатай. Зоос хоёр талтай. А.Сүхбатын шийдэл ч хоёр талтай. Өнгөн тал нь Монгол бөхөө хүндэлж шударга барилдсан хэрэг. Ар тал нь өөрийгөө бодож амжилтын төлөө хүч үзсэн явдал. Ямар ч болов үр дүнд нь тэрээр гурав дахь удаагаа түрүүлж далай аварга болсон юм.
Үүгээрээ ч Агваансамдангийн Сүхбат хэмээх алдарт энэ бөх ялагдалтай эвлэрдэггүй нэгэн болохоо батлан харуулсан. Тэрээр 2006 онд 6 давж 7-гийн даваанд өвдөг шороодсоныхоо дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан наадамчдад хандан “Олон удаагийн бэртэл, гэмтлээс үүдэн Улсын баяр наадмын түрүү үзүүрийн төлөө барилдах хэмжээнд хүч үзэж чадахгүй болсон учраас зодог тайлж байна” гэж мэдэгдсэн билээ.
Түүнийг зодог тайлсны хойтон жил нь 2007 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсон юм. Үүнтэй уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 2001 онд 10 давж түрүүлсэн амжилтыг нөхөн үнэлж даян аварга цол олгосон.
Өнгөрсөн 6 дугаар сарын 13-нд УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж “далай аварга” цолыг хассан байна. Тиймээс улсын наадамд 3 түрүүлсэн даян аварга А.Сүхбат зодог тайлснаасаа 8 жилийн дараа Монгол бөхийн хамгийн том цолонд хүрч дархан аварга боллоо.
Багийн бус спортын төрөлд өөрийгөө бодсон тамирчин л амжилтад хүрдэг гэсэн аксиом юутай үнэн бэ! Хэрвээ 2004 онд хадам аав, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн багш Х.Баянмөнх аваргыг, хүүхдүүдийнх нь ижий хайрт хань Х.Баясгалангаа, ханийнхаа төрсөн дүү, дотнын анд найз Х.Гантогтохыг өөрийг нь бодож бууж өгсөн бол А.Сүхбатад өнөөдөр дархан аварга болоход нь нэг түрүү дутах байж.
Б.ЕРЭНТЭЙ
Эх сурвалж: “НЭЭЛТТЭЙ ХААЛГА” сонин