Таванбогд хайрханы төрийн тахилга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Таванбогд хайрханы төрийн тахилга боллоо

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд хайрханы төрийн тахилгын ёслол долдугаар сарын 3-нд боллоо. Таванбогд хайрханыг төрийн тахилгатай болгох хүсэл, айлтгалаа баян-өлгийчүүд төрдөө уламжилсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Алтай ханы Таванбогд хайрханыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан юм. Уг зарлиг ёсоор Таванбогд хайрханыг тахих ёслол анх удаа ийн болж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн удирдах албан тушаалтнууд, нутгийн иргэд, сүсэгтэн олны хамтаар тахилгын зан үйлийг үйлдсэн байна.

Тахилга гэдэг нь сүлд тахилга нь улирсан сүмбэр их овоог босгож, уул, усны эздийг урин дуудаж баярлуулан цэнгүүлэх, хүсэл даатгалаа илэрхийлж буй онцгой зан үйл юм. Овоо босгож тахина гэдэг нь эх газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, иргэдийнхээ эх оронч үзлийг бадраах утга санааг агуулдаг байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тахилгын зан үйлийг нээж үг хэлсэн бөгөөд төрийн тахилгын зан үйл, байгаль дэлхийгээ хайрлан уламжлах бодлогыг явуулж буйгаа танилцуулж “Тахилга гэдэг нь байгал эхээ хайрлах бодлого ухааны илэрхийлэл…..Энэ биед эзэн биегүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Тэнд ч хэвтэх чулуу ч эзэнтэй. Уул ус, ургамал амьтан, унасан газар, улс гүрний түүх, бүгд өөрийн гэсэн эзэдтэй…Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг… Их эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ Монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвшигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотой, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын түнш, уугуул суугуул зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна. Иймээс Алтайн ханы Таванбогдын төрийн тахилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд энхийг эрхэмлэгч гадаад бодлогын гүн утга бэлгэдэлтэй холбоотой..” гэв.

Иргэдийнхээ ажил амьдралыг тэнгэр, сахиусанд даатгаж буй Ерөнхийлөгчийн айлтгалыг сонордуулах үеэр бүрхэг тэнгэр цэлмэж, гэнэт нар гарсанд нутгийн олон ихээхэн бэлгэшээж байсан бөгөөд  казах түмэн, нутгийн уугуул урианхай, тува, дөрвөд, торгууд, мянгад, хотон, хотгойд, халх, баяд, захчин, өөлд гээд олон ястны төлөөлөл болон цугласан олон төрийн тахилгад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. 

Дашрамд сонирхуулахад, Монгол, Орос, Хятад, Казакстан дөрвөн улсыг дамнан орших Алтайн уулсыг, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлон дэлхийн өвд бүртгүүлж, ЮНЕСКО-ийн шийдвэр гаргуулахаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас санал боловсруулж буй аж.

Шашны зан үйлийг Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц удирдан явуулсан бөгөөд “Энэ хайрхан тэнгэр нь цаанаасаа эзэнтэй нь мэдэгдлээ. Ерөнхийлөгчийг зарлигаа уншиж байхад нь нар мандаж, тэнгэр цэлмэлээ. Энэ сав шим бидэнд ивээл хайраа үзүүлж байна” хэмээсэн бөгөөд “Монголчууд бид эвтэй найртай байж л улс орноо босгох юм шүү” гэдгийг онцолсон байна. 

Монгол улсын хамгийн өндөр цэг болох оргил энэ ууланд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 4374 метр өндөр юм. Харин төрийн тахилга болсон газар нь далайн түвшнээс 3700 метрийн өндөрт болсон бөгөөд төрийн тахилгад газрын бартаа, замын хол бэрхийг туулан ирсэн нутаг усны зон олноос гадна, УИХ-ын гишүүн А.Бакей, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ЕТГ-ын дэд дарга, Ховд, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар, Тагнуулын Ерөнхий газрын удирдлага, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Монгол Улсын аварга А.Сүхбат, Төрийн соёрхолт Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн нар оролцсон байна. 

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж