МАН-ын 26 гишүүн амрахгүй ажиллана гэв

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

МАН-ын 26 гишүүн амрахгүй ажиллана гэв

2014 оны хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын хаврын чуулганы ажлын өдрүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 1-н хүртэл хугацаанд үргэлжилжээ. Энэ хооронд УИХ дахь МАН-ын бүлэг 18 удаа хуралдаж, 19 ажлын хэсэг байгуулан ажиллаж, есөн асуулга тавьснаас гурвынх нь хариуг өгсөн, 71 албан бичгийг холбогдох албан тушаалтанд илгээхэд 11 газраас хариу ирсэн. Энэ бол цөөнхөд ямар хандлага харуулж байгаагийн тод илрэл гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга онцоллоо.

Гэхдээ цөөнхийн бүлэг бодлогын чанартай хуулийн төслүүдийг цаг алдалгүй батлахын төлөө чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанд 90-ээс дээш хувийн ирцтэй оролцож, зангидсан гар шиг ажилласан гэдгийг мөн тодотголоо.

УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулахын өмнө байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан, ингэснээр цөөнхийн бүлгийн гишүүд бусад бүлгийнхээ гишүүдийн нэгэн адил хоёр хүртэл байнгын хороонд харьяалагдаж бүрэн эрхээ хэрэгжүүлэх тэгш боломжоор хангагдсан нь энэ хаврын чуулганы томоохон онцлог байсныг С.Бямбацогт дарга хэлээд үлдэж байгаа хугацаанд цөөнхийн бүлгийн гишүүд туршлагатай, тулхтай улстөрийн хүчин болохоо харуулж ажиллана. Тиймээс бүлгийн гишүүд хаврын чуулганы завсарлагааны хугацаанд амрахгүй ажиллах юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж