Манай улсын хувьд их бүтээн байгуулалтын салбарт голлох ажлыг нугалж буй мэргэжилтэй ажилчдын олонхи нь МСҮТ-ийн төгсөгчид байдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төгссөн ямар ч боловсон хүчин ажилгүй сууна гэж байдаггүй. Үүгээрээ ч бусад мэргэжлээс давуу талтай. Тиймээс Хөдөлмөрийн яам энэ талд илүүтэй анхаарч, хүн бүхэн хуульч, эдийн засагч болохыг хүсдэг энэ нийгэмд нарийн мэргэжил эзэмшин төгсч байгаа төгсөгчдийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах талаар илүүтэй анхаарч ажилладаг билээ. Тэгвэл эдгээр мэргэжилтэй оюутан залуусын төлөөлөл болох Үйлдвэрлэл урлал политехникийн коллежийн оюутан залуус болон сургагч багш нар “Монгол ур чадвар-2014” тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлжээ .Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан энэхүү тэмцээнд тэргүүн байр эзэлсэн сургуулийн оюутнууд Бразиль улсад зохион байгуулагдах “World skills International” олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм байна. Ингээд тус сургуулийн тэргүүн байр эзэлсэн оюутнууд болон сургагч багштай нь уулзаж, тэмцээний бэлтгэл ажил, сургалтын орчин, тэмцээний эргэн тойрондох сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Б.Дулмаа: Хөдөлмөрийн яамны зохион байгуулдаг тэмцээнд сэтгэл хангалуун байдаг
/Үйлдвэрлэл урлал политехникийн коллежийн үсчний багш/
-Манай сургууль боловсон хүчнийг бэлтгэдэг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын оюутнуудыг төр засгаас дэмжиж олон ажил хийж, хэрэгжүүлсэн. Энэ жил “Монгол ур чадвар-2014” тэмцээнд оюутан залуусыгаа дэмжин оролцож тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Хөдөлмөрийн яамнаас МСҮТ-д суралцагчдын чадавхийг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, багш нарын ур чадварыг хөгжүүлэх, улмаар монгол хүний мэргэжлийн ур чадварыг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц төвшинд хүргэх олон талын ач холбогдолтой тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байдаг. Манай оюутнууд бусад сургуулийн суралцагчдыг бодвол Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажлын байртай болдог мөн санаа зовохгүйгээр төр засгийн татаасаар шууд л ажлын байртай төгсдөг юм. Түүнчлэн, МСҮТ-ийн суралцагч оюутан залуус үе тэнгийнхнээсээ түрүүлж сурч боловсорч, цаг хугацааг хожиж чаддаг. Мөн бусдаас илүү өөртөө итгэлтэй дадлагашсан оюутныг бэлтгэдэг гэдгээрээ манай сургууль давуу талтай.Сургуулийн тогтолцоо бол анхан, дунд, ахисан гэсэн гурван үе шаттай суралцуулдаг. Мөн сургуулийн орчин тохилог, мэргэжил тус бүрийн төрөлжсөн кабинеттай байдаг. ҮУПК-ийн боловсролын онцлог нь суралцагчдад мэргэжил эзэмшүүлэх, ажил, мэргэжлийн ур чадвар олгох практик тал руугаа түлхүү анхаардагаараа онцлогтой.
Б.Ундармаа: Цаашид улам их амжилт гаргана
/Үйлдвэр, урлал политехникийн коллежийн оюутан/
-Би “Монголур чадвар-2014” тэмцээнд эмэгтэй үсчний төрөлд тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнчлэн, сургуулийн болон бусад нэрэмжит тэмцээнүүдэд эхний гурван байрыг эзэлж байсан. Тухайлбал, Олон Улсын үсчин гоо засалчдын “Алтанхайч” тэмцээнд тэргүүн байр, 2012 онд үсний засалтын эмэгтэй төрөлд гутгаар байр, 2013 онд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын нэрэмжит үсчний тэмцээнд “Гран-При” авч байсан юм. Ур чадварын тэмцээнд түрүүлсэнээр 2015 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийг авсандаа маш их баяртай байгаа. Тэмцээнд оролцох бэлтгэлээ хэдийнэ базаагаад эхэлчихсэн.
Б.Номингоо: Зорилготой бол мөрөөдөлтэй байдаг юм
/Үйлдвэр, урлал политехникийн коллежийн нэгдүгээр курсийн оюутан/
-Би “Монголур чадвар-2014” тэмцээнд гоо сайханчийн төрөлд оролцож дэд байрыг эзэлсэн. Сэтгэл маш өндөр байна. Энэтэмцээнд оролцсоноор өөрийгөө ямар хэмжээнд бэлтгэгдэж байгаа, ямар чадвартай вэ гэдгээ илүү их мэдэрсэн. Тэмцээнд хоёр үе шаттайгаар оролцохдоо нэгдүгээр шатанд модель дээр “Make Up” хийсэн. Хоёрдугаар үе шатанд нэмэлт будалт буюу “Nile Art” хийсэн юм. Миний ирээдүйн зорилго бол өөрийн гэсэн салонтай болох явдал. Мөн 2015 онд Бразилд болох “World skills International” тэмцээнд оролцох бэлтгэлээ сайн хангаж эх орныхоо нэрийг өндөрт гаргана гэсэн бодолтой явдаг.
…Эдгээр оюутан залуус Бразиль улсад болох тэмцээнд тэргүүн байр эзэлвэл өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлээрээ ажиллах, цаашид илүү их чадваржих боломж бүрдэх юм.
Х.ДЭЛГЭРМАА
Эх сурвалж: www.mminfo.mn