Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хэт өсөлтөд анхаарлаа чиглүүлсэн Монгол Улс бодлогоо эргэн харах хэрэгтэ болжээ. Өсөлтөд чиглэсэн өнөөгийн бодлогоос болж эдийн засгийн эмзэг байдал үргэжлэх төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа хэт өсөлтийг шүтэхээс илүү тогтвортой байлгахад анхаарахыг Дэлхийн банк санууллаа.
Нүүрсний экспортынхоо ачаар Монгол Улс 2011, 2012 онуудад эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхшируулж байсан юм. Гэвч хэт өсөлт бодит хөрсөн дээр буухгүй байна гэх шүүмжлэлийг гадаад, дотоодын эдийн засагчид хэлж байсан ч Монголын төр өсөлтийн хойноос хэтэрхий хөөцөлдсөн нь эргээд эдийн засагт ч эмзэг байдлыг үүсгээд байгаа юм.
Манай улсын эдийн засаг дарамт ихтэй, ялангуяа инфляцийн тулгамдсан асуудал багагүй байгаа учраас төсөв, мөнгөний бодлогоо чангатгах хэрэгтэй гэдгийг Дэлхийн банкны мэргэжилтнүүд өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ дуулгасан юм. Хэдийгээр 2010 оноос эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлогод төр түлхүү анхаарах болсон ч харамсалтай нь үүний үрд дунд санхүүгийн тэнцвэргүй байдал бий болсон гэдгийг гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч буй.
Улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт буурч, гадаад, дотоодын уул уурхайн салбарын ач холбогдол буурснаас болоод эдийн засагт үүссэн дарамтыг бууруулахын тулд Засгийн газар, Монголбанкнаас авсан арга хэмжээний үр дүнд гадаад зах зээлээс үл хамаарч өнгөрсөн 2013 онд эдийн засгийн өсөлтийг хадгалж чадсан. Гэхдээ энэ бол урт хугацаандаа хэрэгжүүлэх бодлого биш, өнөөдрийн хувьд өсөлтийн хойноос хөөцөлдөхөөс илүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангахгүй бол төлбөрийн үлдэгдлийн дарамт өндөр инфляцийг бий болгож байна. Тиймээс өндөр инфляци, дотоодын мөнгөн тэмдэгтийн хэлбэлзэл, сулралаас болоод эдийн засагт эрэлт ихээхэн дарамт болж буйг анхааруулсан Дэлхийн банк төсөв мөнгөний бодлогоо чангатгаснаар ажлын байраа алдах аюул бий ч эдийн засаг бүхэлдээ хямрахаас сэргийлэх арга хэмжээ болж чадахыг сануулсан юм.
Гадаад валютын нөөц гэхэд өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрснийг 2012 онтой харьцуулахад 61 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг онцлов. Тогтвортой, найдвартай эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд гадны тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх талаар төр засгаас дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай болсон байна. Дэлхийн банкныхны урьдчилсан тооцоогоор манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны сүүлээр 9.5 хувь болж сулрах хандлагатай байгаа аж.
Тэдний анхааруулсан дараагийн нэг асуудал бол банк, санхүүгийн салбар. Өнөөдөр банкны салбарын актив хөрөнгийн чанар суларч байгаагп мониторинг хийх, сүүлийн нэг жилийн хугацаанд дотоодын зээл 50 хувиар нэмэгдсэн ч энэ оны тавдугаар сарын статистик үзүүлэлтээс харахад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл хоёр дахин өссөн байна.
Инфляци өндөр байгаа нөхцөлд бодлогын хүүг өсгөх нь зөв. Гэхдээ эдийн засаг эмзэг сул байгаа нөхцөлд бодлогын хүүг өсгөснөөр олон сөрөг үр дагавар гарч болзошгүй юм. Хамгийн түрүүнд жижиг, дунд үйлдвэрүүдэд цохилт өгөх бөгөөд ажилгүйдэл нэмэгдэх нь гарцаагүй юм. Тиймээс тоон үзүүлэлтээс илүү чанарт өнхөөрөх ёстойг мөн төсвөөс гадуурх зардлыг хумих шаардлагатай байгааг Дэлхийн банкны Монголыг хариуцсан эдийн засагч Чорчинг Го дүгнэлээ.
Төсвөөс гадуурх зардал ДНБ-ий 10 хувьд хүрээд байгаа юм. Монгол Улсад асар том боломж бий. Магадгүй эдийн засгийн богино хугацааны сорилттой тулгарч байгаа ч үүнийг давахын тулд тогтвортой өсөлтийг хангасан эдийн засгийн чанга бодлого хэрэгтэй болжээ.
Н.ГЭГ