"Парис-1924" зуны олимпийн үеэр олимпийн наадмыг сурвалжилж байсан зургаан сэтгүүлч ярилцан, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулах санаачилгыг гаргажээ. Маргааш нь буюу 1924 оны долдугаар сарын 2-нд 20 гаруй орны сэтгүүлчид цуглаж, AIPS-ийг байгуулсан түүхтэй. Боксын рингэн дээр хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим 160 гаруй орныг нэгтгэсэн спортын томоохон байгууллага болон өргөжиж, дэлхийн өнцөг булан бүрт буй спортын сэтгүүлчид жил бүрийн долдугаар сарын 02-ны өдрийг мэргэжлийн өдөр болгон тэмдэглэх болсон юм.
Монголын сэтгүүлчид ч мөн энэ өдрийг тэмдэглэн, спортоор өрсөлдөж өнгөрүүллээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1990 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан нарын санаачлагаар байгуулагдаж, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/, Азийн спортын сэтгүүлчдийн холбоо /ASPU/-нд гишүүнээр элссэн юм.
Спортын сэтгүүлчид өчигдөр /VII.02/ хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, ДАШТ-д дэмжиж буй багийнхаа хөгжөөн дэмжигчдээр баг бүрдүүлэн өрсөлдсөн бөгөөд 80 орчим сэтгүүлч өрсөлдсөн тус тэмцээнд “Аргентин”-ы шигшээ багийг дэмжигчдийн “Аргентин” баг тэргүүлж, “Англи” баг мөнгө, “Голланд” баг хүрэл медаль хүртжээ.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОНТВ-ийн спортын нэвтрүүлгийн албаны хамтран зохион байгуулсан тэмцээнийг “Соёмбо даатгал” компани, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Арвайн үндэс” компаниуд ивээн тэтгэж, спортын сэтгүүлчдийг дэмжин ажиллажээ.
Б.ЭНХ