Бүрээ манхан
Монголын Парламентын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн багийнхны БНХАУ-ын ӨМӨЗО-оор хийсэн аяллын сонирхолтой нэг хэсэн нь Бүрээ манханаар хийсэн аялал байв. Биднийг очиход аялагч, жуулчин олонтой байсан юм. Дүүжин замаар манхны дундах хөндийг туулж, гол элсэн манханд хүрнэ. Элсэн уулсын дундах хөндийд морь, тэмээ унуулах үйлчилгээ үзүүлдэг жуулчны бааз байрлажээ. Элсэн цөлийн дунд усан бассейн, зочид буудал байгуулсан нь олны хөл тасардаггүй аялал жуулчлалын төв болсон байна.
Бүрээ манхан нь Ордосын Чингисийн онгоноос холгүй, “Хөвчийн цөл” хэмээх говийн бүсд харьяалагдддаг, гол элсэн манхан нь 110 м өндөр, 200 м өргөн, 45 хэмийн налуутай, тогтоц нь хавирган сарны хэлбэртэй. Хур бороогүй, хуурай цаг агаартай үед уг манханаас гулгаж буухад элснээс хэнгэрэг дэлдэж, бүрээ үлээх шиг дуу гарна. Олуулаа зэрэг гулгавал элсэн манхан нисэх онгоц шиг хүнгэнэн дуугардгаараа жуулчдын сонирхлыг ихээр татаж, олны очиж үзэх дуртай газрын нэг болжээ.
Бүрээ манхны тухай нутгийн зон олны хөөрөлддөг сайхан домог бас бий. Эрт дээр үед нэгэн сахиус тэнд аж төрж, элстэй уут манаж байж гэнэ дээ. Нэг өдөр уутных нь амсрын уяа тайлагдаж, элс асгаран урсч элсэн манхан далай болж тогтсон юмсанж. Сахиус маш ихээр гэмшиж элсэн манхан далайн зүүн хэсэгт аянгын сахиусыг залж гэнэ. Энэ манхнаас бүрээ дуугарах мэт дуу цуурайтах болсон тул “Бүрээ манх” хэмээн нэрлэжээ. Бас Бүрээ манханы тухай шүлэг байдаг юм байна. Уг шүлэгт
“Зааны нуруун дээр тохсон алтан эмээл Бүрээ хайрхан
Замбуулингийн алган дээр дэлгэсэн элсэн судар Бүрээ хайрхан
Загийн замбаганд шингэсэн ангир хөгжим Бүрээ хайрхан
Задгай салхинд намирсан шаргал далбаа Бүрээ хайрхан
Ээжийн минь цацлаар үүлсээ шилгээдэг Бүрээ хайрхан
Ингэн тэмээний буйлаанд энгэрээсээ мэгшдэг Бүрээ хайрхан
Эмээлт морь үүрсэхэд суль нь залбирдаг Бүрээ хайрхан
Элээ шувуу янцгаахад цулхир нь идээлдэг Бүрээ хайрхан” хэмээн уг нутгийг магтан дуулжээ.
“Чөтгөртэй хот”-ын чимэг
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Хиа багш буюу Кан Ба Ши дүүргийг “Чөтгөртэй хот”, “Хий үзэгдлийн хот” хэмээн гаднынхан хэлэлцэх бөлгөө. Тэрбум 300 сая гаруй хүн амтай Хятад орны нэгээхэн хэсэг, үзэсгэлэн төгөлдөр Кан Ба Ши-д оршин суух хүн цөөхөн, гудамж талбайн хөл хөдөлгөөн сийрэг тул ийм “хоч”-ийг өрнийхнөөс хүртэхэд хүрчээ.
Гэвч аж төрөн суугчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэхүү хот үзэсгэлэн төгөлдөр. Хаашаа л харна, монгол үндэсний хэв загвараар бүтээж босгосон хөшөө, баримал, байшин сав, цэцэрлэгт хүрээлэн дүүрэн.
Тэдний дундаас “Чөтгөртэй хот”-ын чимэг болсон усан оргилуур, шатрын дүрсүүдээр чимэглэж бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн хараа булаана. Усан оргилуурын хувьд цөл газар байгуулсан гэдгээрээ АНУ-ын Лас-Вегасын оргилуурын дараа дэлхийд хоёрт орно. Үдшийн бүрийд өндөрт цацрах ус өнгө өнгийн гэрлээр амилан хөгжмийн эгшгийн аясаар уран нарийн долгилох нь бүжигчин охид биелэх мэт.
Шатрын дүрсээр бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнд очиход асар том шатрын хөлөг дотор буй биеэрээ нэгэн эд эс нь болон ууссан шиг санагдах нь сонин. Хар, цагаан талыг алтлаг, мөнгөлөг өнгөөр ялган харуулжээ. Бэрсийг ирвэс, шатрын хүүдийг арслангаар дүрсэлсэн харагдана. Алтан хааных үхэр тэрэгтэй, морь, тэмээг нь унагатай гүү, ботготой ингээр төлөөлүүлжээ. Мөнгөн хааных тэмээн тэрэгтэй, хурдан морь, ачлагын тэмээтэй. Цэцэрлэгийн хоёр талаар эгнүүлсэн алтан, мөнгөн хааныхан нэг нэг хүүгээ өмнөө түлхчихэж. Эдгээрийг талбайн гол дахь өндөрлөгөөс харж зогсоход хэзээ мөдгүй уран нүүдэл хийх эзнээ хүлээн байх шиг ээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ