Швейцарийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Оттмар Хиффелд хөлбөмбөгөөсөө зодог тайллаа. Өдгөө 65 настай Оттмар Хицфелд Германы “Байерн Мюнхен”, “Боруссия Дортмунд” багийг Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд нэг, нэг удаа түрүүлүүлсэн дэлхийн шилдэг дасгалжуулагч юм. Швейцарийн шигшээ баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д шилдэг 16-д шалгаран, Аргентинд нэмэлт цагт 1:0-ийн харьцаатай хожигдсон юм. Тэрээр хөлбөмбөгийн дасгалжуулагчийн хувиар нийт 18 цом, түрүүг хүртжээ.
Оттмар Хицфелд 1983 онд Швейцарийн “Зюг 94” хэмээх жижигхэн багаас дасгалжуулагчийн ажлаа эхэлсэн. Түүний дараа 1984-1988 онд Швейцарийн “ФЦ Аарау” багийг дасгалжуулж, цомын аварга болгосон түүхтэй.
Түүний хамгийн амжилттай он жилүүд Германд өнгөрсөн. Оттмар Хицфелд 1991-1997 онд “Боруссия Дортмунд” багийг дасгалжуулахдаа Германы хөлбөмбөгийн дээд лиг “Бундеслиг”-ийн түрүү хоёр, Европийн хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн аваргыг цомыг нэг удаа хүртжээ. Улмаар 1998-2004, 2007-2008 онд Германы “Байерн Мюнхен” багийг дасгалжуулж, “Аваргуудын лиг”-т хоёр, “Бундеслиг”-т таван удаа түрүүлсэн юм.
Харин 2008 оноос Швейцарийн шигшээ багийг дасгалжуулж, 2010 онд хэсгийн тоглолтоос мултарсан бол 2014 онд шилдэг 16-д багтаасан юм.
Оттмар Хицфелд 1970-1980 оны хооронд Швейцарийн “Базель”, Германы “Штутгарт” багт довтлогчоор тоглодог байсан юм. Тэрээр “Базель” багтайгаа 1972, 1973 онд Швейцарийн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлж байсан түүхтэй.
Б.БИЛЭГ