Монголын шатарчдын дундаас өнөөг хүртэл Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёрхон эмэгтэй Их мастер төржээ. Одоогоос долоон жилийн өмнө Т.Батчимэг Монголын хоёр дахь эмэгтэй Их мастераар тодорч байсан бол гурав дахь эмэгтэй их мастер цолтонтой болоход бэлэн болжээ.
Тодруулбал, шатрын олон улсын мастер А.Энхтуул их мастер цолны болзол биелүүлсэн байна. Тэрээр Их мастерын гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн тул Монголын гурав дахь эмэгтэй Их мастерын болзол хангажээ. А.Энхтуулын цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулснаар манай улс эмэгтэй гурван их мастертай болно.
Дашрамд дурьдхад, маргааш Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Монголын шатрын холбооны ээлжит бус хурал зохион байгуулах гэж байна.
Б.ЭНХ