
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Төсвийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн өмчийн хорооны гишүүнийг чөлөөлөх томилох тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна. Мөн ”Концессын эрх олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах журам“ батлах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Түлш, эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, түүнчлэн хоёр ч нууц асуудал оржээ. Энэхүү нууц асуудлын нэгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, нөгөөхийг нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оруулах юм байна. Харин танилцуулахаар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн дүн, Говь-Алтай аймгийн Дарви суманд үйл ажиллагаа явуулж байгаа хоршооны товч танилцуулгыг хийнэ. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн амралтын тухай зэрэг таван ч асуудал багтжээ.
Г.Дарь