Цариг цаг алдах шалтгаан мөн үү?

Хуучирсан мэдээ: 2014.07.02-нд нийтлэгдсэн

Цариг цаг алдах шалтгаан мөн үү?

Эдийн засгийн нөхцөл байдал, улс орны хөгжлөө бодсон ч далайд гарцгүй манай улсад хөршийндөө хүрэх хөл гуравдагч оронд гарах гарц хэрэгтэй. Тэр нь мэдээж, усан онгоц, агаарын хөлөг аль эсвэл хүнд даацын машин биш гэдэг нь ойлгомжтой юм.  Өөрөөр хэлбэл, экспортын төмөр замгүйгээр монголчууд гадаад худалдаагаа нэмэх, харилцаагаа өргөжүүлэх, эдийн засгаа томруулах, адаглаад л үнс болчихоод байгаа нүүрсээ үнэд хүргэх боломжгүй  гэсэн үг.

Улс төрд гал авалцах нь холгүй, нийгмийг хоёр талцуулахад хүргээд байгаа төмөр замын асуудал хаврын чуулганаар эцэслэгдэж, экспортын төмөр замтай болох эхлэл тавигдах болов уу гэсэн хүлээлт намрын чуулган хүртэл хойшлогдохоор боллоо.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцээд  намрын чуулган хүртэл хойшлуулахаар шийдвэрлэснээс харахад  намар болтол энэ хэрүүл нь үргэжлэх нь ойлгомжтой, харин  эскпортын төмөр замтай болох асуудал  ахиад нэг жилийг алдах нь тодорхой болов.

Дэлхийн эрдэс баялгийн зах зээлд өрсөлдөөн ширүүсч, хөрш орнууд хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, зүүн Азийн зах зээлийг чиглэсэн өрнийн нүүрсний урсгалд шахагдаж, дэд бүтцийн асуудлаасаа болоод Монгол Улс зах зээлээ алдах магадлал улам бүр нэмэгдэж байна.  Бүс нутаг дахь Хятад-Оросын харилцаа гүнзгийрч, хоёр их гүрний дунд оршиж буй Монгол худалдааны замаа барихгүй бол засварт нь хавчуулагдан  хоосон хоноход хүрэх эрсдэл ихэсч буй. Байгалийн хий, газрын тос, нүүрс болон бусад ашигт малтмалын  нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог Орос улс Хятадыг  худалдааны гол түншээ болгон зарлаж, манай урд хөрш рүү баялгаа хүргэх төмөр замынхаа сүлжээг өргөжүүлэх  ажилд анхаарлаа чиглүүлэх болсон. Москвагийн бодлого зөвхөн Бээжингээр тогтохгүй Сөүл, Токио, Пхеньяныг онилж байна. Яг Монголын харж байгаа тэр зүг рүү Москва ч хараагаа илгээж, хөгжлийн тухай монголчуудыг ярьж байхад тэд хийж эхэллээ.

Гэтэл монголчууд “Хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гээд дуулсаар суух уу аль эсвэл  дэлхийн эдийн засгийн томоохон зах зээлтэй хаяа дэрлэн оршиж буй газар зүйн байрлалаа ашиглан хөгжилтэй, мөнгөтэй улс болох уу. Сонголт зөвхөн манай хууль тогтоох дээд байгууллага болох парламентын гишүүдээс л хамаарах болчихоод байна. Зургаан жилийн турш хэрэлдсэн маргаанаа эцэслээд улс орны эдийн засаг гэх нэг эрх ашгийн төлөө экспортын төмөр замаа түргэвчлэх нь улстөрчдийн үүрэг бөгөөд хариуцлага. Өргөн царигтай байна уу эсвэл нарийн царигтайгаар тавина уу ямар байсан Монгол Улсад хөршийндөө төдийгүй Япон, Өмнөд Солонгос гээд зүүн Азийн цаашлаад дэлхийн зах зээлд нэвтрэх дэд бүтэц хэрэгтэй байна.

Сүүлийн үед эрлийз, хурлийзаараа талцсан монголчууд өргөн, нарийн цариг дээр“алалцаж” байна. Харин маргааш өнөө хэдэн хүнд даацын тэрэгний жолооч нар нь өлсч, цангаад, жагсч тэмцээд эхэлбэл өргөн ч үгүй, нарийн ч үгүй, төмөр зам ч үгүй, үйлдвэрлэл ч байхгүй хөгжилгүй хөөрхийлэлтэй улс болохгүй гэх баталгаа байна уу. Биднийг ийнхүү хэрэлдсээр байтал Казакстан болон Алс дорнодоор тойрох төмөр замын бүтээн байгуулалт улам эрчимжих нь гарцаагүй юм. Тэд биднийг тойруулаад төмөр замаа тавьчихна. Тэр үед Монгол гуравдагч оронд гарах гүүр битгий хэл хөршийндөө очих уналгын морьгүй л сууж байх болов уу?

Хэдийгээр төмөр замын асуудлыг  хаврын чуулган хаалттай хэлэлцэж намрыг хүлээсэн нарийн ширийн учрыг мэдэхгүй ч  хоёр хөрштэйгөө ямар бодлого барьж ажиллах вэ гэх асуудлыг тод тусгах шаардлагатай гэдэг үндэслэлээр хойшлуулсан гэх мэдээлэл байна. Өнгөрсөн зургаан жил хэрэлдэж суухаар энэ асуудлаа ярилцаж шийдвэрлэхгүй яасан юм, бүү мэд.  Ямар ч байсан намрын чуулган болтол хойшлуулсан экспортын төмөр замын асуудал ирэх жил шийдэгдвэл их юм даа.

Дэлхий дахинд эдийн засгийн тулаан ширүүсч, эрдэс баялгаа эргэлтэд оруулах гэсэн өрсөлдөөн ч ихэсч байна. Энэхүү бодлогын том өрсөлдөөнд  ялагдахгүйн тулд Монголд экспортын төмөр зам хэрэгтэй. Хэрэвзээ экспортын төмөр замтай болчихвол  наад зах нь үйлчилгээний үнэ тарифаа олон улсын стандартаар тогтоодог болно. Монголын гадаад үнэлэмж нэмэгдэнэ. Баялгаа гуравдагч зах зээлд нийлүүлэх боломж нээлттэй болно.  Монгол олон улсад томоо байг гэхэд ямар нэгэн хэмжээгээр тоглогч болохыг хүсч байгаа бол цариг цаг алдах шалтгаан биш гэж бодож байна.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж