&#34Тавантолгойтой холбоотой бүх шийдвэрийг цуцалмаар байна&#34

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

&#34Тавантолгойтой холбоотой бүх шийдвэрийг цуцалмаар байна&#34

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Тавантолгойн талаар иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд шинэ мэдээлэл байна уу?

-Тавантолгой төсөл тодорхой төвшинд урагштай, ахицтай явж байгаа гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Мэдээж төслийн хэрэгжилтийн явцад алдаа, оноо, болох бүтэхгүй асуудлууд олон гарч байгаа. Үүнийг тухай бүрт нь засч, залруулахын төлөө хараат бус гишүүдийн зөвлөл ажиллаж байна. Иргэний танхимын хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлгээр Тавантолгойн асуудлыг нэлээд өргөн хүрээнд ярилцсан. Тэгэхээр мэдээлэл иргэдэд хангалттай, нээлттэй, шууд очсон байх гэдэгт эргэлзэхгүй байна. Удахгүй ҮАБЗ, УИХ-аар Тавантолгойн асуудал хэлэлцэгдэнэ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Тэгэхээр хараат бус гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн байр сууриа хангалттай илэрхилйсэн. Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн зөв шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Яг одоо нөхцөл байдал хэр байна вэ. Үндэсний эрх ашигт нийцсэн зөв шийдвэр гэдэг тодорхойлолтод нийцэж чадаж байна уу?

-Хоёр асуудал дээр бид сэтгэл дундуур байгаа. Нэгдүгээрт Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлалыг зөрчсөн асуудал бий. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлалаар гадаадын хөрөнгө оруулалтын нэг улсаас хамаарах хувь хэмжээ 3/1-д байхаар тогтсон. Тэгэхээр уул уурхайн салбарт манай урд хөршийн хөрөнгө оруулалтын эзлэх хувь хэмжээ 3/1-ээс аль хэдийнэ давсан байгаа. Тэгэхээр геополитикийн талаасаа ч тэр, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг утгаараа ч ҮАБ-ын зөвлөлийн үзэл баримтлал зөрчигдсөн гэж харж байна. Хоёр дахь асуудал. Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордын 50-аас дээш хувийг Монголын тал эзэмшинэ гэсэн заалт байгаа. Баруун цанхи өөрөө бие даасан лицензтэй, бие даасан орд шүү дээ. Баруун цанхи дээр энэ асуудал бас зөрчигдөж байна уу гэж харж байна. Бас эмзэглэж байна. Тэгэхээр ҮАБЗ энэ асуудлыг удахгүй авч хэлэлцэх байх. Асуудал Монголын талд, монголчуудад ашигтайгаар шийдэгдэнэ гэдэгт би итгэж байна. УИХ-ын дарга Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчид ч миний бие энэ асуудлыг хөндсөн ил захидал илгээсэн байгаа.

-Баруун цанхи дээр нэг л ойлгомжгүй байдал бий болоод байх юм. Лиценз нь монголын талд байгаа ч юм шиг, нэг болохоор үгүй ч юм шиг. Уг нь бол Тавантолгой 100 хувь төрийн өмчид байх ёстой биз дээ?

-Монголчуудад мөнгө хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ мөнгийг олох арга зам нь ёс зүйтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, эх орноо худалдахгүйгээр, ард түмнийхээ эрх ашгийг хохироохгүйгээр мөнгө олж болно. Баруун цанхи дээр үнэхээр маргаантай асуудлууд олон байгаа. Үүнийг олон түмэн мэдэж байгаа, Монголын улстөрчид, УИХ-ын гишүүд ч хангалттай ойлгосон байх. УИХ-ын хэлэлцүүлэг, ҮАБЗ-ийн төвшинд гарах шийдвэрийг л би хүлээж байна. Тэр ямар шийдвэр гаргана, түүнийг би дагана. Гэхдээ төрийн шийдвэрийг зөв гаргуулахын төлөө иргэний нийгмийн зүтгэлтэн, хараат бус гишүүний хувьд би зүтгэх болно. Өнөөдөр ч зүтгэж байна, цаашид ч зүтгэх болно.

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулж, Тавантолгойг яаралтай шийдвэрлэх хэрэг байна уу, та юу гэж бодож байна?

-Үнэхээр Тавантолгойг эргэлтэд оруулах, Монголын ард түмэнд хувь, хишгийг нь хүртээх ажил удааширч байна. Аль болох хурдан, яаралтай энэ төслийг хэрэгжүүлж, Монголын ард түмэн өөрсдийнхөө хувийг хүртээсэй гэж хүсч байна. Алтан хувьцаа эзэмшээсэй билээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ ажил нэлээн удаашралтай явж байгаа. Ер нь төрийн менежмент хувийн менежмент шиг уян хатан байгаасай л гэж би хүсдэг. Гэтэл төрийн өмчит компаниуд мэлхийн хурдаар ажиллаж байна. Дэндүү удаан байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах сонирхол улстөрчдөд их бага байх шиг байна. Тавантолгойн асуудал улам хойшлогдож байна. Гэхдээ яаран сандран буруу шийдвэр гаргаж болохгүй. Бушуу туулай борвиндоо баастай гэж үг байдаг. Бас буурьтай, суурьтай хандах гэж байна гээд цаг алдаад байж болохгүй. Алтан дундчийг олох ёстой. Эцсийн дүндээ Тавантолгой төсөл хэрэгжсэнээр Монголын ард түмэн хожих ёстой. Түүнээс биш эх орны баялгийг гадныханд зарж, хэдхэн хүний халаас дүүрэх ёсгүй.

-Ер нь сүүлийн үед сэтгүүлчид гадаадын хэвлэлүүдээс л Тавантолгойн асуудлаар мэдээлэл авах боллоо. Манай сэтгүүлчид “Эрдэнэс МГЛ” компани дээр очихоор үүдэн дээрээс нь буцааж байна гэх юм. Энэ компани тийм хаалттай байх ёстой юм уу?

-Үүнийг би компанийн засаглалын асуудал гэж дүгнэнэ. Хувьцаат компани компанийн сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх ёстой. Компанийн сайн засаглалын үндсэн зарчим нь ил тод, нээлттэй байх тухай асуудал. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчиддээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай нийлүүлэх ёстой. Үнэн бодит мэдээллийг шуурхай өгөх тухай асуудал шүү дээ. Харамсалтай нь зарим нэг асуудлуудыг манай хэвлэл мэдээллийнхэн өөрсдийнхөө хүчээр биш гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авч байгаа нь үнэн. Энэ бол “Эрдэнэс МГЛ” компани дээр сайн засаглалын зарчим хэрэгжихгүй байгаатай л холбоотой. Энэ асуудлаа миний бие шаардлага хүргүүлсэн байгаа. Компанийн сайн засаглалын зарчим хэрэгжихгүй, компанийн үйл ажиллагаа иргэд олон түмэнд нээлттэй биш байна, үүн дээр анхаараач гэж. Эцсийн шийдвэр гаргах байгууллага маань бол ТӨХ шүү дээ. “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дийлэнх олонхи нь төрийн өмчийн төлөөлөл байгаа. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн есөн гишүүнийх нь зургаа нь төрийн өмчийн төлөөлөл. Тэд дийлэнх олонхиороо шийдвэрээ гаргаад явж байна.

-Үндэсний компаниудын оролцооны тал дээр юу гэж хэлэх вэ?

-Үндэсний компаниудын оролцоог бид дэмжих ёстой. Үндэсний эдийн засаг гэдэг бол үндэсний хүчирхэг компаниудын үйл ажиллагаан дээр тулгуурлаж явах ёстой. Харамсалтай нь “Эрдэнэс Тавантолгой” дээр өнөөдрийг хүртэл үндэсний компаниудын оролцоо хангагдахгүй байна. Үндэсний компаниудыг дэмжсэн нэг ч бодлого алга. Хэтэрхий гадныханд итгээд байна. Монголчууддаа биш гадныханд итгэдэг хэдэн дарга нар байгаад байна. Дарга нар нь, Засгийн газар нь монголчууддаа итгэхгүй бол өөр хэн итгэх юм бэ. Нүүрс олборлох ажлыг монголчууд хийж чадна гэж би боддог. Нүүрсээ ухаад, гадагшаа зарах ажлыг монголчууд өлхөн хийж чадна. Энэ бол тийм хүнд ажил биш. Гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийх, хувьцаа гаргах ажлыг ч монголчууд хийж чадна. Харамсалтай нь өнөөгийн удирдлагууд монгол хүнд итгэхгүй байна. Монголын менежрүүдтэй итгэхгүй байх шиг байна. Юм л болбол гадны компаниар хийлгэнэ, гадны захирал тавина гэж ярьдаг. Би өөр бодолтой байдаг. Монгол хүн өнөөдөр бүхнийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Монгол хүн дэлхийн дэвжээнд бүрэн өрсөлдөх чадвартай гэдэгт итгэдэг. Би монгол хүний чадварт итгэдэг.

-Та сая гадаад захирлын талаар дурьдаад өнгөрлөө. Саяхнаас гүйцэтгэх захирал нь сонгогдлоо гэх мэдээлэл гарч байх шиг байна?

-Ер нь гадаад захирал тавих тухай асуудал олон сар яригдаж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй байгаа. Миний бие гадаад хүнд биш монгол хүнд л итгэдэг. “Эрдэнэс Тавантолгой” битгий хэл үүнээс ч том компанийг монгол хүн удирдаж чадна. Монгол хүн монгол хүндээ итгэ, Засгийн газар нь монголчууддаа итгээч гэдэг шаардлагыг л тавьж байгаа. Гадаадын хүн, гадаадынханд дургүйдээ биш. Ерөөсөө л өөрөө өөртөө итгэх итгэл бидэнд хэрэгтэй. Гадаад, дотоодын сургууль төгссөн олон арван мундаг боловсон хүчин Монголд байна. Монголчуудын чадварыг гадны компаниуд үнэлээд байна. Монголчуудын хүчийг гадны Засгийн газрууд үнэлээд маш өндөр цалинтай ажил олгож байна. “Apple”, “Microsoft”-ийг хар. Дүүрэн монголчууд байна. Тэр “Goldman sachs”, “BNP Paribas”-ийг хар. Олон монгол залуучууд тэнд ажиллаж чадаж байна. Гэтэл өнөөдөр Монгол Улс монголчуудаа үнэлж чадахгүй байна шүү дээ. Бид гадныханд итгэсээр л байна. Социализмын үеийн сэтгэлгээний үлдэгдэл яг хэвээрээ байна. Социализмын үед бид оросын зөвлөхүүдийг авчирч өндөр цалинтай ажиллуулдаг байлаа. Өнөөдөр бол барууны зөвлөхүүдийг авчирч өндөр цалинтай ажиллуулах юм гэнэ ээ. Энэ бол буруу. Бидэнд гадны зөвлөх, гадны захирал хэрэггүй. Монголын компанийг монгол хүмүүс удирдаж чадна, монголчууд дэлхийн төвшинд өрсөлдөж чадна.

-Тэр гадаад захирлын цалин нь их л өндөр юм шиг сонсогдоод байсан?

-Олон зуун мянган ам.долларын цалингийн тухай л яригдаад байгаа шүү дээ. Ойролцоогоор 300-400 мянган ам.долларын цалинг өгч ажиллуулах тухай яригдаж байгаа. Би эсэргүүцэж байгаа. Америкийн ерөнхийлөгчийн жилийн цалин 400 мянган ам.доллар байдаг юм. Ядуу Монголд Америкийн ерөнхиилөгчөөс өндөр цалинтай гадныхан ажиллах шаардлагагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилийн цалин 30 гаруй мянган ам.доллар байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өндөр цалинтай гадны менежер бидэнд хэрэггүй. Гол нь Монголоо, эх орноо гэсэн сэтгэлтэй олон сайхан чадварлаг залуучуудыг энэ төслүүд дээр ажиллуулах ёстой. Тийм боломж нь бүрдчихсэн. Монгол Улс ардчилсан улс болоод 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд шинэ, сайн боловсон хүчнүүд хангалттай төрөн гарсан гэж би бодож байгаа.

-Уг нь Тавантолгой дээр ажил эхэлчихлээ, нүүрсээ борлуулаад эхэллээ шүү дээ. Гэтэл бас л шүүмжлэл өрнөж байна, үнэ нь хэтэрхий бага энэ тэр гээд л?

-Засгийн газарт хүний хөгжлийн санд төвлөрүүлэх 250 сая ам.доллар зайлшгүй хэрэгтэй байсан. Энэ мөнгийг яаралтай олохын тулд хятадын “Чайналко”-гоос нүүрсний урьдчилгаа төлбөр авч байх шиг байна л даа. Энэ бол Засгийн газрын төвшинд хийгдсэн гэрээ, хэлцэл шүү дээ. Би ТУЗ-ийн гишүүний хувьд энэ гэрээ, хэлцлийг олон удаа эсэргүүцсэн. Энэ буруу байна, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна гэж. Одоо ч хэлнэ. Цаашид ч хэлсээр байх болно. Тэгэхээр 21 мянган төгрөг тараахын тулд хойч үеийнхээ ирээдүйг золигт гаргах шаардлагагүй л дээ. 250 сая ам.долларын зээл, урьдчилгаа төлбөр Тавантолгойн хувьцааны үнэлгээнд муугаар нөлөөлнө.Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр очих хувьцааны үнэд сөргөөр нөлөөлнө. Хувьцаа үнэгүйдэх магадлалтай. Үүнээс сэрэмжилж, болгоомжилж би олон зүйл хэлсэн. Сүүлийн үед харин манай компанийн удирдлагууд миний саналыг хүлээж авч, 250 сая ам.долларын тодорхой хувийг нь компанийн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бизнесийн хөгжилд зарцуулахаар ярьж эхэлж байна. Бас хараат бус гишүүнийхээ үгийг хааяа ч гэсэн хүлээж авч, сонсдог байвал сайн л байна.

-Хувьцааны үнэд сөргөөр нөлөөлнө гэв үү. Уг нь ТӨХ-ныхон эсрэг зүйл яриад байгаа. Нүүрсээ борлуулаад үйл ажиллагаагаа эхэлсэн учраас харин ч хувьцаа үнэд хүрэх зам нээгдлээ гэж?

-Таван жилийн хугацаатай нэг л компанид нүүрсээ борлуулах гэрээ байгуулчихлаа шүү дээ. Ер нь хувьцаа, бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч тогтдог. Түүнээс биш хоёр дарга хоорондоо гарын үсэг зурсан гэрээгээр үнэ бий болохгүй. Ганцхан худалдан авагчтай компани зах зээлийн өрсөлдөөнд удаан тэснэ гэж би бодохгүй байна. Эрэлт, нийлүүлэлтийн харьцаан дээр тогтох ёстой. Харамсалтай нь одоогийн байдлаар ганц худалдан авагчтай, гэрээгээр буюу даргаар зохицуулагдсан нэг үнэтэй. Нэг тонн нүүрс нь 70 ам.доллар гэдэг. Дээрээс нь 250 сая ам.долларын өртэй. Өөрөөр хэлбэл, балансан дээрээ хасах 250 сая ам.доллартай. Тэгээд 250 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрс нийлүүлнэ гэсэн үүрэгтэй. 3.5-4 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр үүнийг дагаад олборлолтын зардал бас нэмэгдээд эхэлж байгаа юм. 150-200 сая ам.доллар болно. Ингээд нийтдээ 450 сая ам.долларын өртэй компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах тухай асуудал яригдаж байна л даа. Дэлхийн туршлагыг харахад хөрөнгийн бирж дээр амжилттай IPO хийсэн компаниудын баланс нь ямагт ашигтай байдаг. Бизнесийн олон жилийн ашигтай үйл ажиллагаа явуулсан, компанийн сайн засаглалын зарчим олон жил хэрэгсэн байдаг. Харамсалтай нь бидний хувьд жаахан тааруу нөхцөл үүсчихээд байна уу даа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Зарчмын шинжтэй ганц хоёр буруу шийдвэрүүд гаргачихлаа. Юу гэсэн үг вэ гэхээр энэ компани дээр бизнесийн менежмент гэхээсээ илүү улс төрийн менежмент, улстөрчдийн өгсөн амлалтыг биелүүлэх гэж энэ том төслийг нураачих вий дээ л гэж санаа зовох юм.

-Тавантолгойд алдсан зүйл хэтэрхий их байгаа учраас бүгдийг эхнээс нь эхлэх ёстой гэж зарим эдийн засагчид хэлж байгаа?

-Алдаж болно, алдаагаа засах л хэрэгтэй. Буруу бодож болно. Тэгвэл буруугаа хүлээгээд, уучлалт гуйгаад шинээр эхэлдэг байх ёстой. Ийм сэтгэлгээ манай улстөрчдөд дутаад байна уу даа гэж би харж байгаа. Бидний тавьж байгаа шаардлагыг зарим улстөрчид хүлээж авах тун дургүй байна. Би Монгол төрийн шийдвэр мэргэн байгаасаа л гэж хүсч байгаа. Түүнээс биш энэ том төслийг зогсоочих юмсан, ухраачих юмсан гэсэн бодол ерөөсөө байхгүй. Явуулчих юмсан, ард түмэнд очих нэгж хувьцааны үнэ илүү өндөр байгаасай гэж л би хүсч байна.

-Гэхдээ ярьсан хэлснээ буцаах гэхээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унах нь гэдэг нэг л тайлбар тавих юм?

-Шийдсэн юм ерөөсөө гараагүй. Баруун цанхи дээр, Тавантолгой дээр эцэслэн шийдсэн зүйл ерөөсөө байхгүй. “Чайналко”-той 250 сая ам.долларын гэрээ байгуулснаас өөр нэг их урьдчилан шийдээд явж байгаа том ажил байхгүй. Жинхэнэ том ажлууд удахгүй эхлэх гээд төслүүд нь бэлэн болчихоод ҮАБЗ, УИХ-аар орох гээд хүлээгдэж байгаа. Тэгэхээр манай улстөрчдийн ухаан мэдэж дээ.

-ҮАБЗ дээр ч бас Тавантолгой нэлээд асуудал дагуулж байгаа. Маш тодорхойгүй байна гээд л?

-Үнэн. Тодорхойгүй зүйл олон байгаа. Тодорхой болгох ёстой. Энэ том асуудлыг бид олон талаасаа ярьж байж шийдэх ёстой л доо. Ажил хийсэн нэгнээ муу хэлдэг биш гагцхүү ажлыг урагшлуулах, ажил хэргийн үүднээс шүүмжлэлтэй хандаж, илэн далангүй ярьдаг байх ёстой.

-Бид ер нь Тавантолгойд түншлэгчээ зөв сонгож чадсан уу?

-Зүүн цанхи дээр оператор компани сонгон шалгаруулсан байгаа. Германы “BBM  Operta”, Австралийн “McMahon” гэж компани. Хамгийн боломжтой компаниудыг сонгосон байх гэж би найдаж байна. Яагаад гэвэл үнэлгээний компаниар ороод, ТӨХ хуулийн дагуу шалгаруулсан гэж би сонссон. Хуулийн дагуу сонгон шалгаруулсан юмыг шүүмжлэх эрх надад байхгүй. Хэрвээ хууль бус болсон гэж үзвэл бусад оролцогч нар болон иргэдийн зүгээс шүүхэд хандах эрх нээлттэй байгаа. Одоохондоо тийм зүйл арай гараагүй байна. Стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгох асуудал бол хэлэлцээрийн төвшинд л явж байгаа шүү дээ. Ерөнхийдөө ажлын хэсгээс Хятад, Орос, Америк гурван улсыг стратегийн хөрөнгө оруулагч нараар сонгосон гэсэн төслөө УИХ, ҮАБЗ-өөр оруулж ирж байгаа. Энэ бол төсөл. Эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллагынхан үгээ хэлэх байх. Миний хувьд тийм ч оновчтой, зөв шийдэл болоогүй байх гэж бодож байна. Нэг улсад хэтэрхий давуу эрх олгох нь тийм ч зөв шийдвэр биш байх гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 40 хувьтай байгаа хятадын тал хөрөнгийн биржээс 11 хувийг худалдаж авахад л 51 хувь болоод Баруун цанхи дээр монополь тогтоох боломжтой. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээг бид маш бодолтой хийх ёстой. Монголын уул уурхайн салбар нэг улсаас хэт хамаарсан эсвэл хамаарахаар нөхцлийг бүрдүүлж болохгүй.

-Гэхдээ өнөөгийн нөхцөлд хятадууд хүссэн хүсээгүй давуу байдал эзэмшихээс өөр аргагүй гэж тайлбарладаг?

-Ямар ч тайлбар тавьж болно. Эцсийн дүндээ бид Монголын эрх ашгийг л бодох ёстой. Монголын эрх ашигт аль нь илүү нийцэж байна вэ гэж. Бид олон зуун жил нэг улсаас хамааралтай амьдарч үзсэн. Социализмын 90 жил зөвхөн оросоос хамааралтай байлаа. Гэтэл сүүлийн 20 жилд Монголын эдийн засгийн 80 хувь нь урд хөршөөс хамааралтай болж хувирсан. Нэг улсаас хэт хамааралтай байх нь Монголын эрх ашигт нийцнэ гэж би бодохгүй байгаа. Монгол Улс гуравдагч улсад өөрийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах бүрэн боломжтой. Төмөр зам, усан боомтуудыг ашиглаж гуравдагч зах зээлд өөрсдийн бараа, бүтээгэдэхүүнийг хүргэх тийм бололцоог бид хайх ёстой. Бараа бүтээгдэхүүндээ заавал нэмүү өртөг шингээж гаргах ёстой. Уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг түүхий чигээр нь гаргаж байгаа байдлыг зогсоох цаг нь болсон. Монгол Улс баялаг ихтэй гэж бид ярьдаг. Гэхдээ дэлхийн зах зээлтэй харьцуулахад маш бага шүү дээ. Хятад улсын нүүрсний нэг жилийн хэрэглээ 4.5 тэрбум тонн байна. Гэтэл бидний баялаг орд гэж яриад байгаа Тавантолгойн нүүрсний нийт нөөц 6.4 тэрбум шүү дээ. Хятадын 1.5 жилийн нүүрсний хэрэглээ л гэсэн үг. Тэгэхээр бид нүүрсний экспортын бодлого дээрээ маш ухаалаг хандах ёстой.

-Нэг хэсэг Япон, Солонгосын талыг Тавантолгойгоос хассан нь буруу гэх шүүмжлэл нэлээд өрнөж байсан. Таны түрүүн хэлсэнчлэн боловсруулах үйлдвэр, кокс химийн үйлдвэрлэлд хамгийн гол түнш бол Япон, Солонгосынхон байсан байх?

-Би түрүүн хэлсэн. “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш, ТӨХ-ны дарга Д.Сугар нар ярилцлага өгсөн байсан. Эцсийн шийд гараагүй байгаа гэж. Тэгэхээр энд эдийн засгийн бодлого нөгөө талаасаа геополитикийн бодлого үйлчилж байгаа гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд Тавантолгой бол маш том төсөл. Энэ том төсөл дээр бид улс эх орныхоо эрх ашгийг эдийн засаг, улс төрийн утгаар нь ч Монгол Улсын тусгаар тогтнол, ҮАБ-ыг хангах ёстой. Тийм ч учраас энэ төсөл ҮАБЗ-өөр хэлэлцүүлэгдэж байгаа шүү дээ. Монгол Улс стратегийн ач холбогдолтой 15 ордтой. Стратегийн ач холбогдолтой орд гэдэг бол стратегийн хувьд давуу байдал үүсгэх орд гэсэн үг. Харамсалтай нь Тавантолгой дээр зарим тохиолдолд стра-тегийн хувьд сул байдал үүсээд байх шиг байна. Стратегийн давуу байдлыг бий болгох учиртай учраас стратегийн гэж нэрлэсэн шүү дээ. Тэгэхээр бид стратегийн ордоо стратегийн гэдэг утгаар нь л ашигламаар байна. Хэдэн дарга нар, эсвэл хэдэн цөөн тооны олигархиудын өмч хөрөнгийг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хангах зорилгоор биш. Монголчуудад л давуу байдал үүсэх ёстой.

-Та Тавантолгойн хэлэлцүүлгийн үеэр “ахицтай дэвшилтэй ажил олон байгаа ч хуулийн зөрчил их байна, үүнийг арилгах ёстой” гэж байсан. Үнэхээр хууль тэгтлээ зөрчигдөөд байгаа юм уу, ямар хууль зөрчигдөөд байгаа юм бэ?

-Түрүүн би дурьдсан. Хоёр ч хуулийн асуудлаар. ҮАБ-ийн асуудал, Ашигт малтмалын хууль, байгаль орчны хуулиуд зөрчигдөж байгаа.

-Эцсийн шийдвэр гараагүй гээд хуулийн зөрчлүүдийг тэгвэл хараад л зогсоод байх хэрэг үү?

-Би хараат бус гишүүний хувьд хэлж л чадна. Эцсийн шийдвэрийг гаргадаг хүн нь би биш. Гаргах эрх надад байхгүй. Хэрвээ эцсийн шийдвэрийг гаргах эрх байдагсан бол өнөөдөр гаргаж байгаа шийдвэрүүдийг бүгдийг нь хүчингүй болгомоор байна.


Л.ЭНХДЭЛГЭР

www.medee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж