Ж.Батзандан: Бие даагчдын албан бус бүлэгт би орохгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Бие даагчдын албан бус бүлэгт би орохгүй

 УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

Бие даагчид албан бус бүлэг байгуулах гэж байна. АН-ын зарим гишүүнд урилга илгээсэн гэсэн. Танд урилга ирсэн үү. Албан бус бүлэгт нэгдэх гишүүдийн нэрсийн жагсаалтад таны нэр байна лээ?

-Надад урилга ирсэн. "УИХ-д албан бус бүлэг байгуулах гэж байна. Энэ бүлэгт орооч ээ" гэсэн байна лээ. Би бодож байна. Нягтлах юм ч их бий. Хэдэн ч албан бус бүлэг байгуулж болно. Хуулиар хориглосон зүйл байхгүй. Гэхдээ би АН-ын албан бүлэгт багтдаг. Намынхаа бүлгийн дарга, удирдлагуудтай энэ асуудлаар ярьж, зөвлөлдөх ёстой.

Намын болон бүлгийн бодлого шийдвэрийг зарим тохиолдолд дагах үүрэг УИХ, намын гишүүнд бий. Манай намын бодлого, шийдвэртэй зохицож байгаа асуудлаар албан бус бүлэгтэй хамтарч ажиллахыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар намын эрх ашиг, улс орны эрх ашигтай зөрчилдөж байгаа тохиолдолд улс эх орныхоо эрх ашгийн төлөө албан бус бүлэгтэй хамтарч ажиллахыг үгүйсгэхгүй юм.

-Таныг бие даагчдын зүгээс санаачилсан албан бус бүлэг байгуулах саналыг дэмжиж, хамтарч ажиллана гэж ойлгож болох уу?

-Би бие даагчдын албан бус бүлгийн тухай сонсоогүй. УИХ-ын 10 гаруй гишүүний байгуулж байгаа албан бус бүлгийн тухай сонссон.

-Зарим гишүүн энэ асуудлыг бие даагчдын ээлжит шоу гэж хэлэх юм?

-Бие даагчдын албан бус бүлэгт би орохгүй. УИХ-ын гишүүдийн байгуулж байгаа албан бус бүлэгт орох талаар бодож байгаа гэдгээ дахин хэлье. Наймаас дээш гишүүн хамтарч бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Түүнээс биш гурван бие даагчтай хамтарч бүлэг байгуулах талаар бодоогүй байна.

-Засгийн газрын гишүүдийг томилох, огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Х.Баттулга УИХ-ын гишүүн Засгийн гаэрын гишүүний албан тушаалыг давхар хаших нь буруу гэсэн ёс зүйгээр сайдын суудлаасаа татгалзсан. ҮХАА-н дараагийн сайдаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга "Давхар дээл"-тэй Ш.Түвдэндорж гишүүнийг санал болголоо. Та "Давхар дээл"-ийн эсрэг саналтай байсан гишүүдийн нэг. Хувь гишүүнийхээ хувьд ҮХАА-н дараагийн сайдын сонголтод ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг давхар хаших нь зохисгүй гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд ч ийм байр суурийг илэрхийлж ирсэн. Цаашдаа энэ бодолдоо үнэнч байна. Шинээр томилох сайдыг гаднаас томилох нь зүйтэй гэж бодож байсан. Өөрөөр хэлбэл, үндсэн чиглэлийн яамдын сайд нараас бусад сайдыг гаднаас томилох нь зүйтэй гэж үзэж байсан ч дотроосоо сонгох гэж байна.

-Ерөнхийлөгч "Давхар дээл"-тэй гишүүнийг сайд болохыг дэмжихгүй гэж өөрийн саналаа илэрхийлсэн?

-Ерөнхийлөгч, бид хоёрын байр суурь адилхан байгаа. Би Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байна. Харамсалтай нь АН-ын бүлгийн олонхи дотроосоо Засгийн газрын гишүүнээ томилох гэж байна. Ерөнхийлөгчийн болон миний, бас нэлээд хэдэн гишүүний байр суурь Засгийн газрын байр суурьтай зөрчилдөж байгаа л даа.

Гэхдээ УИХ энэ асуудлыг олонхиороо шийдэх байх. Олонхийн шийдвэртэй бид хүндэтгэлтэй хандах ёстой. Цөөнх байр сууриа илэрхийлэх эрхтэй. Бас Ерөнхийлөгчид хориг тавих эрх ч бий.

-АН, ардчилсан Ерөнхийлөгчтэйгөө зөрчилдөх боллоо. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан "Давхар дээл"-ийн тухай хуулийн төслийг эцсийн мөчид олонхиороо унагасан. Энэ удаад ҮХАА-н дараагийн сайдад нэр дэвшиж байгаа гишүүний асуудал дээр ч санал зөрчилдөөд байна шүү дээ?

-Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг хангах үүрэг бүхий хүн. Ардчилсан нам тусдаа субьект. Хуулийнхаа хувьд бие даасан субьектуудын чиг үүргийг тусад нь зохицуулж өгсөн байдаг. УИХ-аас гарч байгаа хууль, тогтоомжид Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Сайд, дарга нарын томилгоон дээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үүрэгтэй.

Тиймээс сөргөлдөж, зөрчилдөөд байгаа тухай асуудал биш юм. Ерөнхийлөгч болон Засгийн газар, УИХ хуульд заасан өөрсдийн чиг үүргээ бие даан хэрэгжүүлж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Сөрөг хүчнээс Н.Батбаяр сайдыг огцруулах талаарх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Та Эдийн засгийн хөгжлийн сайдыг энэ удаад хамгаалахгүй гэж өөрийн саналаа илэрхийлсэн. Яагаад гэдэг асуултад хариулт өгөхгүй юу?

-Би Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг өнөөдрийг хүртэл хоёр удаа огцруулах шаардлагагүй гэж байр сууриа илэрхийлж, хамгаалж үлдээж байсан. Энэ удаагийнх Батбаяр сайдыг огцруулах тухай ярьж байгаа гурав дахь тохиолдол болж байна. Өнөөдөр улс орны эдийн засаг хүнд байгаа нь үнэн.

Валютын ханш 30 хувиар өсч, бараа бүтээгдэхүүний үнэ ч 30-40 хувиар нэмэгдлээ. Гэтэл цалин, тэтгэвэр тэтгэмж олигтой нэмэгдсэнгүй. Энэ мэтчилэн эдийн засагт тулгамдаж байгаа бэрхшээл олон байна. Мэдээж Батбаяр сайдад хийсэн сайн ажил, бүтээн байгуулалт байгаа.

Манай эдийн засгийн бодлого сүүлийн хоёр жил азанд найдсан, "Чингис", "Самурай" зэрэг бондод тулгуурласан, өр зээлэнд түшиглэсэн байдалтай явж ирлээ шүү дээ. Цаашид ийм маягаар эдийн засгийн бодлого явж болохгүй ээ. Тиймээс салбарын сайдыг огцруулах талаар хэлэлцэхэд өөрийн итгэл үнэмшлээ дагаж, саналаа өгнө.

Ер нь эдийн засгийг хямралд оруулсан салбарын сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж бодож байна.

-Эрх баригчид эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд "Хэн нэгнийг огцруулахгүй. Эдийн засаг хүнд байхад салбарын сайдыг нь огцруулах талаар ярьж шоу хийж байна" гэх тайлбарыг сөрөг хүчинд өгсөн. Эндээс огцруулахгүй аваад үлдчих юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна?

-АН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь сайд, дарга нар болчихсон хүмүүс байгаа шүү дээ. Тиймээс тэр сайд, дарга нарын байр суурь өөр, өөр байх нь аргагүй. Тэгвэл жирийн гишүүд нь өөр байр суурь, үзэл бодолтой байдаг. Сайд, дарга нар нь бүлэг дотроо олонхи болж байна. Би сайд, дарга нарыг дагадаг хүн биш. Би ард түмний эрх ашиг, монгол түмний нийтлэг ашиг сонирхлын талд зогсох үүрэгтэй хүн. УИХ-ын гишүүн гэдэг даргыг дагаж далдагнадаг субьект байх албагүй.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржийг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Үүнийх нь дагуу тус байгууллагын даргаар өөр хүнийг томилсон байгаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө татсаны хариуд Засгийн газрын нэг агентлагийг шагналд авлаа гэсэн мессэж гадуур байна л даа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Хувь хүний хэрүүлийн талаар ямар нэгэн тайлбар хиймээргүй байна.

 


С.Дуламсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж