Олигархиуд юу ярихыг сонсох гэж би АН-ын бүлгийн хуралд суудаг – See more at: http://www.khuvsgulnews.mn/news.php?view=content&type=content&id=306#sth

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Олигархиуд юу ярихыг сонсох гэж би АН-ын бүлгийн хуралд суудаг – See more at: http://www.khuvsgulnews.mn/news.php?view=content&type=content&id=306#sth

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Монголын эдийн засгийн нөхцөл бодит байдал дээр ямар байна вэ. Танай намынхан хүндрээгүй гэж байгаа. Та бүлгийн бусад гишүүнтэйгээ адилхан байр суурьтай байгаа юу?

-Эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг бодит судалгаа харуулна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд хийсэн албан ёсны бодлогын судалгааг хэлэлцсэн. Энэ бол УИХ-ын албан ёсны ажлын хэсгээс эрдэмтэн, судлаачидтай хамтран бэлтгэсэн судалгаа юм.

Улсын төсөв цоорхойтой байна. Ойролцоогоор нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарсан. Урсгал дансны алдагдал, гадаад өрийн төвшин нэмэгдсэн. Монгол Улсын олон улс дахь зээлжих зэрэглэл буурсан. Гадаад өрийн эргэн төлөлт ирэх жилээс маш их хүндрэх төлөвтэй байна. Хөрөнгө оруулалтын орчин муудсан. Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрын уялдаа холбоо алдагдсан. Манай эдийн засаг олон тулгуурт бус зөвхөн уул уурхайгаас хамааралтай болж хувирсан тухай судалгаанд дурдсан байна лээ. Ер нь эдийн засгийн орчин хүнд байгаа талаар УИХ-ын ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гарлаа. Төсөв, сангийн бодлогын хэт тэлэлт нь инфляцыг онилсон мөнгөний бодлогын нөлөөг сулруулсан. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого алдагдсан. Хэрэглээний үнийн индекс огцом өсч байна. Тэгэхээр манай эдийн засаг сайн байна, эрүүл байна, гоё байна гэж хэлэх утга алга. Засгийн эрх барьж байгаа цөөхөн нөхдүүд л Монголын эдийн засаг өсөлттэй, орчин нөхцөл нь сайхан байгаа гэсэн үлгэр ярьдаг боллоо. Би хувьдаа үүнд итгэхгүй. Яагаад гэвэл, эдийн засгийн бодит өсөлт иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөөс хэдхэн дарга л хожиж байх шиг байна даа.

-Та эрх баригч намын бүлгийн гишүүн. Та бүхний л явуулсан бодлого биз дээ?

-Эрх баригч намын гишүүн гээд эрх баригчдыг магтах үүрэг хүлээхгүй. Хулгай, луйвар, хуйвалдааныг нь нуун дарагдуулах үүрэггүй. Би ард түмнийг төлөөлж байгаа. Ард түмний эрх ашиг Ардчилсан намын эрх ашгаас дээгүүр байх ёстой гэж боддог. Тийм учраас үнэн бодит байдлыг иргэд, олон түмэнд хэлж байгаа юм. Үүнийг засч залруулахын төлөө ч бас ажиллаж байна даа.

-Тан шиг бодолтой хүн АН-ын бүлэг дотор хэр олон байгаа вэ?

-Тэрийг би мэдэхгүй. Энэ ордон дотор эрүүл ухаантай хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт би итгэж байна.

-Засгийн газраас оруулж ирсэн таван хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ. Ээлжит бус чуулганыг ийм асуудлаар зарлах хэрэг байсан уу?

-Гурван хуулийн төслийг нь би дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалыг орон нутагт шилжүүлэх тухай хуулиудыг дэмжинэ. Харин алт олборлолт болон "Урт нэртэй" хуультай холбоотой өөрчлөлтүүдийг маш сайн хэлэлцэх учиртай. Олон нийтийн хэлэлцүүлэг явуулах ёстой. Байгаль орчны хамгааллын асуудлыг бид мөнгөнөөс илүү чухал тавих ёстой. Алтгүйгээр хүн төрөлхтөн амьдарч болноо. Усгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Валютын нөөцөө гадаад худалдаа, экспорт болон өөр эх сурвалжуудаас бүрдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Байгальгүйгээр, ой модгүйгээр, эрүүл орчингүйгээр монголчууд оршин тогтнох боломжгүй гэдгийг дарга нар ойлгох хэрэгтэй юм.

Эдийн засгийн өсөлтийг ямар ч үнээр хамаагүй бий болгоно гэж боддог улстөрчидтэй би санал нийлэхгүй. Монголоо сүйтгэж байгаад эдийн засгаа өсгөнө гэж бодож байгаа эрүүл бус экстрим эдийн засагчидтай ч санал нийлэхгүй гэдгээ хэлье.

-Ээлжит бус чуулган эхлэхдээ л олны анхаарлыг татсан. "Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн хүмүүс буу шийдэмдээ хүрлээ. Гудамжинд тэмцэл хийж байсан та бүхнийг ард түмэн сонгож парламент дотор оруулаад ч үр дүнгүй байгаа юм биш үү?

-Бид цөөнх болж байна. Ордонд олигархиуд олонхи болж байгаа. Өнөөдөр Монголын төрийг олигархиуд удирдаж, цөөн тооны бизнес бүлэглэлүүд авч явж байгаа нь үнэн шүү дээ. Үүнд бид хяналт тавихыг оролдож байна. Буруу бодлогыг нь зогсоож, зөвийг нь дэмжихийг хичээж байна. Сүүлийн үед манай олигархиудын явуулж байгаа бодлого олон түмнийг золиосолж, ямар ч аргаар хамаагүй олз омог олох чиглэлд явж байгаа. Бусдын төлөө бус, өөрсдийнхөө төлөө л явуулж байгаа энэ бодлогынх нь эсрэг би зогсоно.

Уурга барьсан залуусыг буу барихад хүргэсэн төрийн буруу бодлогыг би эсэргүүцэж байгаа. Аливаа хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх ёстой, олон түмэнтэйгээ ярих ёстой. Монголын төр иргэдээсээ асууж, байгаль орчны эрхийг хүндэтгэж, хүний эрхийг дээдлэх ёстой. Эрх барьж байгаа зарим нөхөр эрх мэдэлдээ дэндүү эрдэж байгаа. Энэ Засгийн газар ч олон зүйл дээр эрх хүүхэд шиг аашилж байна даа.

-Олигархиуд гээд байгаагаа тодотгож болох уу. Жишээ нь, хэн таны хэлээд байгаа тэр хүн юм бэ?

-Би хувь хүний тухай яримааргүй байна. Бодлого, өөрчлөлтийн тухай л ярья.

-2012 оны сонгуулиар амласан, иргэдийн хүлээж байсан тэр бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байна гэж та хэлж байна уу. АН-ын сонгуулиар ярьж явсан мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж байхгүй гэсэн үг үү?

-Хагас дутуу л явж байна. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлогоос ялгарч чадахгүй байна. Шинэчлэлийн гэж нэрлэж байгаа боловч шинэчлэлийг зоригтой, бүрэн дүүрэн хийж чадахгүй л байна шүү дээ. Түрүүчийн засгийн явуулж байсан буруу бодлогыг зарим талаар үргэлжлүүлж байна даа, энэ засаг. Уг нь биднийг өмнөх засгийн алдаатай бодлогыг залруулж, шинэчлэлийн бодлого явуул гэж сонгосон.

-Засаг дотор асуудал таны хэлсэн шиг байж гэж бодъё. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг дотор асуудал ямар байна вэ?

-Бүлэгт ч ялгаагүй байдал хүнд байгаа. АН-ын бүлгийн бодлогыг гишүүд нь биш хэдхэн хүн тодорхойлж байгаа. Хэдэн фракцын толгойлогч нарын тулгалтаар л бүх юм явдаг. Монголын төрд эрүүлжих хандлага ажиглагдахгүй байна. Энэ парламентад эрүүл мэтгэлцээн, хэлэлцүүлэг дутагдаж байгаа. Үнэндээ УИХ нь Засгийн газрын хуулийн хэлтэс шиг л ажиллаж байна шүү дээ. УИХ-ын Байнгын хороо нь яамдын газар, хэлтэс шиг л явж байх жишээтэй. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл өнөөдөр дээд байгууллага нь доод байгууллага шиг болчихсон, доод байгууллага нь дээд байгууллага шиг болчихоод явж байна даа. Энэ бол засаглалын хямрал.

-УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтсийн хэмжээнээс нь салгахын тулд юу хийх ёстой юм бэ?

-Манай УИХ-ын олонхи, УИХ-д байгаа улс төрийн намууд арга барилаа, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хэсэг гишүүн нэгдэж энэ парламентыг парламент шиг болгочих юмсан, энэ засгийг замбараатай болгох юмсан гээд хичээж ажиллаж байгаа. УИХ бол олигархиудын биш, ард түмний хурал байгаасай гэж хүсдэг. Үүний тулд бие даасан, хараат бус гишүүдийн бүлэглэл үүсгэхийн төлөө явж байна. Ер нь бол энэ УИХ намын бүлгүүдэд биш үндсэн хоёр хэсэгт л хуваагдаж байгаа шүү дээ. Нам дамжсан олигархиудын бүлэг ба ард түмнээс шууд сонгогдсон хараат бус гишүүдийн бүлэг гэж хуваагдаж байгаа.

-Аль нь илүү жин дарж байна вэ?

-Харамсалтай нь, олигархиудын бүлэг өнөөдөртөө илүү хүчтэй байна, нуугаад яахав. Удахгүй хараат бус гишүүдийн бүлэг хүчтэй болох байх. Эрүүл сэтгэлгээтэй гишүүд илүү олон болно гэж найдаж л байна. Нам гэдэг зүйл утга учраа алдсан шүү дээ. Намын бүлэг бол үнэндээ тоглоомын л байгууллага болсон. Намын бүлгийн хурал бол олигархиудын бүлгийн хурал шиг л харагдаж байна. Энэ улс орны төлөө гэсэн эрүүл саруул бодлого намын бүлгээс гарах тохиолдол бараг байхгүй дээ. Олигархиудын хоорондоо тохиролцсон бодлого л намын бүлэг дээр албажаад явж байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ замаар Монголын төр удаан явбал дампуурна.УИХ дотор өөрчлөлт хийх цаг болсон. Гишүүд үүнийг эрүүл саруулаар харах ёстой. Нам нэртэй шорон, гяндангаасаа салах ёстой.

-Та АН-ын бүлгийн хуралд сууж байгаа юу?

-Суулгүй яахав. Олигархиуд юу тулгаж, юу ярьж байгааг сонсохын тулд тэр бүлгийн хуралд сууж байгаа.

-Танайхаас Р.Амаржаргал гишүүнийг бүлгийн хуралдаа суухаа болиод удаж байгаа гэж сонссон юм. Түүн шиг "тэмцэл" хийж байгаа юм болов уу гэж бодоод…?

-Бүлгийн хуралд суух, суухгүй байх нь тэр хүний л асуудал.

-Нам гэдэг дөнгөнөөс гарах ёстой гэж байна. Та өөрөө салж чадаж байна уу?

-Салахын тулд ажиллаж байна. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа. Үндсэндээ энэ хууль чинь Монголын улс төрийг нам нэртэй олигархи бүлэглэлийн гарт өгчихөөд байна. Чи намын гишүүн байх ёстой, намын гишүүн бол сайн хүн гэж ойлгодог ийм л хууль бий. Энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй юм. Нам нэртэй олигархийн бүлэглэлд захирагдахгүйгээр эрүүл саруулаар хөгжих тэр цаг үеийг авчирмаар байна.

-Улс төрийн намуудын тухай хууль таны хүссэнээр, бодож байгаагаар өөрчлөгдөхгүй бол та намаасаа гарах уу?

-Өнөөдөр яаран сандарч шийдвэр гаргамааргүй байна. Улс төрийн асуудлыг ул суурьтай бодох ёстой. Би хувьдаа өөрчлөлтөд итгэдэг хүн. Монгол орон өөр болно, маргааш өөрчлөгдөнө гэж итгэдэг. Би Монголын ирээдүйд итгэдэг учраас өнөөдөр энд тантай яриад сууж байна даа.

-АН болохгүй байгааг шүүмжилж байгаа гишүүд нийлж жигүүр байгуулж байгаа юм билээ. Та тэднийг дэмжих үү?

-АН-д олон жигүүр, фракц бий. Энэ бол жирийн үзэгдэл. Байх ёстой эрүүл үзэгдэл шүү дээ. Дэмжих, дэмжихгүйн тухай асуудал бол сонин биш.

Ч.Гангэрэл
Эх сурвалж: www.bataar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж