Писториусын сэтгэцийг эрүүл гэж тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Писториусын сэтгэцийг эрүүл гэж тогтоожээ

 

Найз бүсгүйгээ хөнөөсөн Өмнөд Африкийн алдарт тамирчин Оскар Писториусын сэтгэц, мэдрэлийн сорилын хариу эрүүл гэж гарчээ. Өмнөд Африкийн сэтгэлзүйчид Оскар Писториусыг сэтгэц, мэдрэлийн эмгэгтэй эсэхийг тогтоохоор бүтэн сарын хугацаанд сорил, шинжилгээ явуулсан аж. Оскар Писториусыг шүүх хурал удаан завсарласны эцэст өнгөрсөн долоо хоногт Преториа хотод дахин эхлээд буй юм.

 

Писториусын өмгөөлөгчдийн зүгээс түүнийг  айдас, түгшүүрийн сэтгэцийн эмгэгтэй хэмээн, хийсэн хэрэгтээ эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх чадваргүй гэдгийг нотлохыг хичээж байсан юм. Оскар Писториус нь өмнөх шүүх хурлуудын үеэр найз бүсгүй Рийва Стинкэмпийг хулгайчтай андууран санамсаргүйгээр хөнөөсөн гэдгээ хүлээсэн билээ. Харин прокуроруудын зүгээс түүнийг Рийва Стинкэмптэй маргалдсаны улмаас санаатайгаар амь насыг нь хохироосон гэж үзэн хүн амины хэрэгт буруутгаж байгаа аж. Өмнөд Африкийн шүүхээс Оскар Писториусыг хүн амины хэрэгт буруутай гэж үзвэл бүх насаараа хорих ял сонсох юм.

 

Оскар Писториус 2013 оны хоёрдугаар сарын 14-нд буюу Валентины баярын өдрөөр найз бүсгүй, модель Рийва Стинкэмпийг Преториа дахь гэрийнхээ угаалгын өрөөнд дөрвөн удаа буудан хөнөөсөн билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж