&#34Зүй ёсны шаардлагыг хүлээн авч байна&#34

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

&#34Зүй ёсны шаардлагыг хүлээн авч байна&#34

УИХ-аас өнөөдөр нэгэн чухал шийдвэр гаргасан нь УИХ дахь байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах агуулга бүхий УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлт байсан юм. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын байнгын хороодод МАН-ын гишүүд шаардаж байсныхаа дагуу бүрэлдэхүүнд орох боломжтой болсон юм. Ингээд энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.

-УИХ-аас өнөөдөр байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахдаа УИХ дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн хуваарилалт хийж буйг онцолсон. Энэ ямар агуулга бүхий өөрчлөлт вэ?

-2012 оны УИХ-ын сонгуулиас хойш өнөөг хүртэл Монгол Улсын Их хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.2 дахь заалт зөрчигдөж эрх баригч намаас сонгогдсон гишүүн гурав, цөөнхөөс сонгогдсон нь нэг байнгын хороонд харъяалагдаж байна гэдэг асуудлыг тавьсаар ирсэн. Харин өнөөдөр Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоол батлагдаж УИХ-ын гишүүдийн эрх хангагдлаа.

-Байнгын хороонд гишүүнээ оруулах, оролцуулахгүйн ялгаа нь юунд байна?

-Анх манай намыг бүлэггүй байх хугацаанд байнгын хорооны хуваарилалт хийгээд олонхи нэг байнгын хороонд 15-16 гишүүнээ оруулсан. Ингээд МАН-ын гишүүд маань нэг нэг байнгын хороонд л орох боломж байсан. Энэ нь УИХ-ын гишүүнийхээ хувьд бид байнгын хороодын үйл ажиллагаанд тэгш оролцох боломжгүй, Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж чадахгүй, парламентын дотоод ардчилалд хөнөөлтэй байсан. УИХ-д Ардчилсан нам 43 хувь, МАН 35 хувь, бие даагчид эвсэл үлдсэн хувийг эзэлж байгаа бөгөөд байнгын хорооны хуралдаан ч мөн энэ хувийн дагуу хуваарилагдах нь шударга ёсны шаардлага байсан. Энэ тогтоол батлагдаж Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор хууль тогтоох байгууллагын хяналт сайжирна гэж үзэж байна.

-Байнгын хороонд тэгш эрхтэйгээр оролцох боломжийн төлөө танай намын бүлэг хэр ажиллав?

-2012 оны сонгуулиас хойш. Бүр Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандаж байсан. Оны өмнө байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх үеэр миний бие энэ асуудлыг хөндөж “УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд харьяалагдаж байгааг байнгын хорооны бүрэлдэхүүний асуудлыг шийдэх үед хамтад нь шийдэж болохгүй юу” гэсэн асуултыг хүртэл тавьж байсан. Гэвч тухайн үед мөн л шийдээгүй. Намын гишүүд УИХ-ын гишүүний үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа нь парламентат ёсны хувьд тун сөрөг үр дагавартай. Хууль, бодлогын мөн чанарыг хэлэлцэж, алдаа дутагдлыг засах боломж байнгын хороонд бий. Энэ утгаараа сөрөг хүчний зүгээс хийх хяналтыг үгүйсгэж байлаа. Ингээд өнгөрөгч оны дөрвөн сараас тогтоолын өөрчлөлөөр МАН-ын бүлгийн гишүүн нэг л байнгын хороонд харьяалагдаж байсан нь хоёр хүртэл байнгын хороонд харьяалагдах болсон. Харин өнөөдөр зүй ёсны шаардлагагыг хүлээн авч, дахин 14 гишүүний маань эрх хангагдаж байна.  Улс төрийн соёл, зөвшилцөл, ойлголцол руу улс төрчид явах л ёстойтой л доо. Харилцан буулт хийж чадахгүй, сөрөг хүчнийхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хүсэлгүй шууд тулгах нь парламентын ардчиллыг устгаж,  улстөрчдөд итгэх ард түмний итгэл багасч байгааг анхаарч, мэдрэмжтэй зөв шийдвэр гарсан гэж бодож байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж