УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Түүгээр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Эл асуудлыг хаалттай байдлаар хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргаж, гишүүдийн 50 гаруй хувь нь дэмжсэн юм.
Одоогийн байдлаар Зам тээврийн яам нь БНХАУ-ын холбогдох газруудтай төмөр замын асуудлаар хэлэлцээр хийж буй аж. Энэ үед хуралдааныг хаалттай хийх шаардлага тулгарч байна гэдгийг тэрээр тодотгосон юм.
Онцлоход, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Мөн Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Дээрх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан байсан. Гэвч хуульд заасан завсарлагын хугацаа дуусчээ.
Завсарлага авах саналыг гаргаж байсан УИХ-ын гишүүн Г.Уянга байр сууриа илэрхийлэх үеэрээ “Ашигт малтмалын тухай хуулийг баталсны дараа Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ёстой. Төр хувь эзэмших ёстой. Гэхдээ үүнийгээ үнэлж авах ёсгүй. Монголын төр мөнгөгүй болсон хүнд үеийг тааруулж хэдхэн хүн ордыг ашиглаж болохгүй. МАК-ийнхантай уулзаж саналыг нь сонссон, их хэмжээний зээлийг гаднаас авсан тухай ярьж байсан. Гэсэн ч Монголын төр стратегийн орддоо хувь эзэмших ёстой. Нөөц нь бага байсан ч өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн нь 6500 ам.доллараас буухгүй байгаа гэсэн юм.
Г.ДАРЬ