Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал зургадугаар сарын 29-өөс эхлэн Дундговь, Өмнөговь аймаг болон сумдад ажиллах албан томилолтоо өнөөдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас эхэллээ.
Хөдөө орон нутагт хийж байгаа энэхүү албан томилолтын бүрэлдэхүүнд ЭМХТ-ийн дэд захирал У.Цэвэгмид оролцож байгаа юм.
Сайдыг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын удирдлага, эмч, ажилчид хүлээн авч уулзсан. Тус сумын засаг дарга, манай суманд сүүлийн 27 жилийн хугацаанд анхлан ирж байгаа төрийн сайд боллоо хэмээн билэгшээж байгаагаа хэлээд сумынхаа товч танилцуулгыг хийсэн юм. Тус сум нь 1547 хүн амтай, 87095 толгой малтай. Иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй. Сумын хүн эмнэлэг 18 эмч, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сумын эрүүл мэндийн төв нь 2013 онд шинээр ашиглалтанд орсон 2 давхар шинэхэн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Нэг бэрхшээл нь эмнэлэгийн автомашинаа шинэчлэх шаардалга байгааг салбарын сайдад дуулгалаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг танилцуулахын сацуу эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа. Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдрах дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор эрүүл мэндийн довтолгоонийг улсын хэмжээнд сум өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа ажлаа онцлон тэмдэглэлээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал сумын эмнэлэгт цэвэрлэгээний иж бүрдлийг гардуулан өгсөн бөгөөд өөрийн ажлын амжилтаар хамт олноо манлайлсан эмч, сувилагч, ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр шагнан урамшуулсан.
Эх сурвалж:/www.chd.moh.mn