Үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулжээ

Сүүлийн 10-аад хоногийн турш манай орны нийт нутгаар, тэр дундаа газар тариалангийн бүс нутгуудаар өдөртөө 41 хэм хүрч халлаа. Монголын хувьд хамгийн халуун үе 7-р сарын 20-ноос 8-р сарын эхэн хүртэл үргэлжилдэг бол энэ жил зургадугаар сарын 20-дын үеэр нийт нутгаар хүчтэй халж, цаг агаарын олон жилийн ажиглалтын үнэмлэхүй их утга зарим газарт эвдэгдсэн байна. Халалт олон хоног үргэлжилсний улмаас Төв аймгийн хойд, Сэлэнгийн газар тариалангийн гол бүс нутгаар таримал болон бэлчээрийн ургамал, газрын гарц хатах эрсдэлтэй болсноос гадна халуунаас улбаалан 10 орчим түймэр гараад байгаа.
Иймд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу зургадугаар сарын 26-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Дархан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг эхлүүлжээ. Энэ ажлын үр дүнд 6-33 мм хур тунадас ороод байна. 1 мм хур тунадас гэдэг нь 1 га-д 10 тонн ус буусныг илтгэх үзүүлэлт юм. Бууж буй усны хэмжээг энгийнээр илэрхийлбэл, 30 км-ийн радиустай талбайд 10 мм хур тунадас оруулснаар тооцвол энэ нь уг талбайд 180 мянган цистерн /машин/ усжуулалт хийлээ гэсэн үг. Ургац, газрын гарц сэргээх, түймэр унтраах энэ ажил эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай байдаг аж. Үүлний нэг пуужинг 80-90 мянган төгрөгөөр авдаг ба өчигдрийн байдлаар түймрийн нэг голомтод 13 пуужин харвасан байна. Ийм хэмжээний усжуулалт хийж, түймэр унтраах ажлыг хүний хүчээр гүйцэтгэвэл гарах зардал хэд дахин өсөх юм. Зөвхөн мориор очих газарт гарсан түймрийн голомтуудыг тойруулаад өчигдрөөс экспедиц гарган ажилласнаар Тэрэлж, Төв, Өвөрхангай орчимд 10 мм, Хөвсгөлд бүр 33 мм хур тунадас бууж, түймрүүд унтарч эхлээд байна. Мөн наадмаас өмнө Богд уул, нийслэлийн орчимд бороо оруулах бэлтгэл ханган ажиллаж байгаа аж.
Монгол бол өвөлдөө цэлмэг, зундаа илүү үүлшдэг онцлогтой орон. Зуны улиралд нутаг дээрээ үүл үүсгэж, бас гаднаас үүл ихээр шилжин ирдэг. Гэвч, үүл хуралдавч бороо оролгүй шилжин гарах нь элбэгшиж байна. Өөрөөр хэлбэл, манай оронд зуны цагт буудаг хур тунадасны хэмжээ буурсаар байна. Халалт удаан хугацаагаар үргэлжилдэг болсноос үүдэн орж буй тунадаснаасаа 10 дахин их ууршилт явагдаж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь цөлжилт үүсгэх үндсэн нөхцөлийн нэг болдог.
Эдгээр сөрөг үзэгдлийн эсрэг авч байгаа арга хэмжээний нэг нь хур тунадас нэмэгдүүлэн, уур амьсгал зөөллөхийн тулд үүлэнд зориудаар нөлөөлөх ажил юм. 2006 онд Засгийн газраас Цаг агаарт зориудаар нөлөөлөх хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт 34 экспедиц гарган ажиллуулж байна. Сүүлийн гурван жилийн зуншлага өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн байгаа нь экспедицийн ажлын үр дүн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Дэлхий нийтээр ашиглаж буй хамгийн дэвшилтэт энэ аргаар байгалиас орох тунадасны хэмжээг 10-20 хувиар нэмэгдүүлэх боломжтойг Дэлхийн цаг уурын байгууллага зөвлөсөн. Үүлэнд зориудаар нөлөөлснөөс байгальд үүсэх сөрөг нөлөө гэж байхгүй. Учир нь энэ бол байгалийн жамаараа орж чадахгүй байгаа хур тунадсыг газарт буух нөхцөл бүрдүүлж байгаа маш энгийн ажиллагаа юм. Үүл гэдэг бол чийг. Газрын гадарга хэт халаад эхлэхээр чийгийн хэмжээ нь багасч, үүл дээш өргөгдөж хөөрдөг. Ийнхүү газрын гадарга хүртэл доош сууж чадахгүй, чийгээ ууршуулаад байгаа үүл рүү 12 вольтын тогоор иодот мөнгө хэмээх бодис агуулсан пуужин харвадаг. Пуужин дээд тал нь 5000 метрт хүрч, 6 км орчим радиуст бодисоо цацна. Үүлэнд тархсан иодот мөнгө чийгийг татан өөртөө шингээж усан дусал болгоод хүндийн хүчний үйлчлэлээр доошоо бууж бороо оруулдаг. Ашиглаж буй бодис хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хүнсний давсандаа хүртэл нэмэлтээр хэрэглэдэг иод, хор тайлах чадалтай мөнгөний аль аль нь бидэнд эерэг нөлөөтэй бодис гэнэ.
Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж