Газрын тосны хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Газрын тосны хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Засгийн газраас Газрын тосны тухай хуулийн төслийг өмнө нь хоёр ч удаа өргөн мэдүүлсэн ч хоёуланд нь буцсан юм. Эхний төслийг Засгийн газар УИХ-аас татан авсан бол хоёр дахь хуулийн төсөл батлагдахын шатанд буюу эцсийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-аас “Газрын тосны тухай хуулийн төслийг батлах шаардлагагүй” хэмээн шийдвэрээ гаргаж байлаа.

Үүний дараа Засгийн газар гурав дахь удаагаа Газрын тосны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-аас мөн уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийг сольж, Ц.Нямдорж гишүүнийг томилон ажилласнаар уг хууль батлагдаж байна.

Газрын тосны тухай хуулийг УИХ-аас батлахгүй буцааж байсан шалтгааныг УИХ-ын гишүүд “Өмнөх хуулийн төсөлд дутуу дулимаг заалтууд цөөнгүй байсны зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй заалтууд туссантай холбоотой” хэмээн тайлбарлаж байв.

Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 14 санал, найруулгын 20 орчим саналаар санал хураалгаж эцэслэснээр төсөл батлагдлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж