С.Бямбацогт: Наадмаар түүх гуйвуулж болохгүй

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Наадмаар түүх гуйвуулж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс дараах асуултад сэтгүүлчид хариулт авлаа.

-Танай бүлгээс Шадар сайдад ямар шалтгаанаар шаардлага хүргүүлсэн юм бэ?

-Нийтээрээ тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ардын хувьсгалын ойн баяр бол үндэсний их баяр наадам мөн” гэж заасан байдаг. Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 92 жилийн ой гэсэн үгийг баяр наадмын хөтөлбөрөөс зориуд хасч байсан.  Монгол Улсын тусгаар тогтнол, ард иргэдийн эрх чөлөөт амьдралтай 1921 оны Ардын хувьсгал салшгүй холбоотой. МАН-ын бүлгийн 26 гишүүн энэ жилийн баяр наадмаар өнгөрсөн жилийн алдааг давтаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Тийм учраас үндэсний их баяр наадам бол монголчуудын хамгийн том баяр. Энэхүү баяр наадмаараа монгол хүн болж төрснөөрөө, Монгол эх орноороо, газар шороо, тусгаар тогтнолоороо бахархдаг. Энэ бахархлыг үгүйсгэж, уусгах, үгүй болгох бодлого байж болохгүй, Ардын хувьсгалын ойг хасч болохгүй гэдэг шаардлагыг МАН-ын бүлгээс Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад хүргүүлж байгаа юм.

-Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал чуулган дамнах нь тодорхой боллоо. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байна?

-Чуулган хуулийн хугацаандаа завсарлана гэдэг байдлаар сайдыг огцруулах асуудлыг хойшлуулчихлаа. Өөрөөр хэлбэл, сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслөөр авсан Ардчилсан намын бүлгийн завсарлагын хугацаа дуусаагүй гэдэг шалтгаанаар намрын  чуулганыг шууд завсарлуулж байсан. Өнөөдөр яг тийм байдлаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудал хойшилж байна.

-Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулж байгааг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү?

-Хуульд зөрчилтэй хоёр заалт байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо, нэгдсэн чуулганаар тус бүр долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Гэтэл хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах хуулийн заалттай. Аль хуулиа мөрдөх нь тодорхой бус. Нэг талдаа хууль зөрчиж байгаа, нөгөө талдаа хуулиа биелүүлж байгаа мэт ийм л нөхцөл байдал үүсч байна. Бид сайдыг огцруулах асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлэхээр шаардах бичиг өгсөн. Гэтэл "Хуулиа биелүүлж байна. Энэ асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацааг хэн нэгэн хүн хүчээр зогсоож болохгүй" гэсэн. Тэгэхээр завсарлагын хугацаа дуусаагүй байхад чуулган өндөрлөх хугацаа давххцсан ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээ.

-Хаврын чуулган завсарлахаас өмнө амжиж батлах ёстой ямар хуулийн төслүүд байгаа вэ?

-Хуулиараа хэлэлцэх ёстой олон асуудал бий. Ялангуяа 2015 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой. 2015 оны үндсэн чиглэлд  тулгуурлаж төсөв батлагддаг. Өөрөөр хэлбэл, энэ нь богино хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа баримт бичиг юм. Энэ хөгжлийн бодлогыг дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах ёстой. Харамсалтай нь, чуулган завсарлахтай холбогдуулж энэхүү үндсэн чиглэлийн төсөл нухацтай хэлэлцэгдэхгүй батлагдах гэж байна.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн тухайд МАН-ын бүлгийн байр суурь эхнээсээ тодорхой байсан. Байгаль орчинд ээлтэй, байгаль орчноо нөхөн сэргээх, олон нийтийн оролцоотой асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа. Гэвч Засгийн газраас зөвхөн хайгуулын лицензийг нээх, стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгах заалттай хуулийн төсөл оруулж ирсэн. Харин бүлгийн хувьд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгахгүй, хайгуулын лицензийг нээхийн тулд байгаль орчноо нөхөн сэргээх, олон нийтийн оролцоотой, олон нийтдээ ил тод байх ёстой гэдэг байр суурьтай байгаа.

-Төмөр замын асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?

-Хамтарсан засаг ажиллаж байх үед 2010 онд УИХ-аас Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулга гишүүн ажиллаж байсан. Энэ тогтоолыг бид нухацтай ярилцаж байж баталсан. Энэ тогтоолын хүрээнд л Засгийн газрын байр суурь явах ёстой гэж үзэж байгаа.

-Хаврын чуулган хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?

-Бид чуулган завсарласны дараа албан ёсоор энэ талаар мэдээлэл хийнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж