Ноён Петр Кинштетрыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Ноён Петр Кинштетрыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.07.01 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар эрхэм төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, уулзалтад оролцсон Тамгын газрын удирдлагуудыг танилцуулав. Мөн тэрээр манай улсын байгаль, хөдөө нутаг, цаг уурын нөхцөл байдал, түүх соёлтой танилцан нэг өдрийг өнгөрүүлэхэд таатай байсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд УИХ болон байнгын хороодын үйл ажиллагаа, Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч танилцууллаа. Түүнчлэн хоёр улсын парламентын Тамгын газрын харилцаа хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн, тэргүүн туршлагаасаа хуваалцан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Ноён Петр Кинштетр Монгол Улсын байгалийн сайхныг мэдэрч, жирийн ард иргэд хэрхэн байгаль дэлхийтэйгээ хамт аж төрж байгааг харахад сайхан байлаа гээд элчин сайдуудын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү айлчлал болж буйг дурдлаа. Тэрээр хоёр орны парламент хооронд өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилготой ирснээ дуулгаад Тамгын газрын удирдлагуудыг есдүгээр сард Бүгд Найрамдах Чех Улсад айлчлахыг урилаа. Мөн Чех Улсын парламент дээр төрийн албаны тухай хуультай болох талаар яригдаж байгааг дуулгаад манай улсын Төрийн албаны тухай хуулийн талаар асуусны зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын парламентын Тамгын газрын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буй нь

Энэхүү уулзалтад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Н.Отгончимэг, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж