2008 он саяхан мэт, монголчууд олимпийн аваргатай болж, баяр хөөрт умбаж байсан өдрүүд өчигдөр мэт.
Олимпийн аварга, медальтнуудаар бахархаж асан тэр өдрүүдэд олимпийн баатруудаас дутуугүй олны анхаарлыг татсан нэгэн эрхэм байсан нь “Мон Уран”-ы Б.Наранхүү гэхэд буруудахгүй. Монголчууд түүхэндээ анх удаа олимпийн наадмаас хос алтан медаль хүртсэн онцгой үйл явдлыг мялааж, тэрээр олимпийн алтан медальтнуудад нэг сая ам.доллар амласан нь дуулиан шуугиан болж байлаа.
Олимпийн аваргуудад нэг сая ам.доллар, мөнгөн медальтнуудад 500 мянган ам.доллар өгөхөөр амласан нь Монголын төр засгаас олгодог шагналаас хэд дахин өндөр дэмжлэг байсан болохоор Б.Наранхүү гишүүнд талархах, басхүү амласан мөнгөө өгсөн эсэхийг сураглах хүмүүс цөөнгүй байсан юм. Одоо ч энэ тухай асуудаг.
Тэгвэл сураг сонсох нь, Бээжингийн олимпийн дараа анх амласан шагналынхаа 10 хувийг олны өмнө гардуулж байсан Б.Наранхүү гишүүн өнгөрсөн хугацаанд бэлэн мөнгөөр болон үл хөдлөх хөрөнгөөр аваргуудад амласан шагналаа өгч, хэлсэндээ хүрчээ. Энэ талаар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын олимпийн аваргуудаас асууж тодруулахад үнэн гэдгийг баталж байна.
Тэгэхээр олимпийн медальтнуудад хувиасаа өндөр бай шагнал амлаж, түүнийг өгч, хэлсэндээ хүрсэн аавын хүүг “Эр хүн юм даа” гэж талархахаас яахав.
Б.БАЯСАХ