
Тус компанийн А310-300 агаарын хөлгийн баруун далавч гэмтсэний улмаас дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс хоёр Боинг 737-800 агаарын хөлгөөр нислэг үйлдэж байгаа билээ. МИАТ компани 2010 оны зуны нислэгийн хуваариа гурван агаарын хөлгөөр үйлдэхээр төлөвлөж, билет борлуулалтаа хийж эхлээд байсан бөгөөд ийнхүү зорчигчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, зочид буудал, аялал жуулчлалын салбарын бизнесийг дэмжих зорилгоор агаарын хөлөг түрээслэхээр шийдвэрлэсэн юм.
Зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа болон Боинг 737-800 агаарын хөлөг зуны улиралд Улаанбаатар-Берлиний чиглэлд нислэг үйлдэхэд агаарын температураас шалтгаалан зорчигчийн тоог цөөлөх шаардлага гардаг зэргийн улмаас хүнд даацын агаарын хөлгийг богино хугацаанд нойтон түрээсийн хэлбэрээр түрээслэх чиглэлийг МИАТ хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгч, салбарын яам, Засгийн газар дэмжсэний дагуу уг гэрээг байгуулж байгаа юм.
Дээрх чиглэлийн дагуу МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр Турк улсад бүртгэлтэй, 2001 онд үйлдвэрлэсэн, 318 зорчигчийн суудалтай, 15 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай А 330-300 маягийн агаарын хөлгийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс богино хугацаагаар түрээслэх гэрээ байгууллаа.
Гэрээнд тусгаснаар тус агаарын хөлгийн төлбөр нь ниссэн цагаасаа хамаарах бөгөөд МИАТ ХК энэ хугацаанд ашигласнаар дунджаар 10 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөөд байна. Олон суудалтай агаарын хөлөг ашигласнаар төлөвлөснөөс илүү зорчигч, ачаа тээвэрлэх боломж бүрдэх бөгөөд тус компани гэр бүл, найз нөхөд, групп зорчигчдод зориулан маркетингийн төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт зарлаад байгаа юм.
Нойтон түрээсийн гэрээний үед Түрээслүүлэгч тал агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисгэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцдаг бол Түрээслэгч нь агаарын хөлгөөр зорчиж буй зорчигч, түүний ачаа, тээш, каргоны хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах, үдэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг байна.
Нойтон түрээсийн гэрээ хийж буй Туркийн SAGA Airlines нь 2004 оноос есөн агаарын хөлөг /А310, А330, Б737/-өөр нойтон түрээсийн болон захиалгат /charter/ нислэгийг Их Британи, Саудын Араб, Алжир, Ирак зэрэг улсад үйлдэж ирсэн, 20-оос дээш жилийн туршлага бүхий нисгэх бүрэлдэхүүнтэй, EASA-145 дүрмийн дагуу засвар үйлчилгээ хийх эрх бүхий агаарын тээврийн компани юм.
Орчин үеийн тав тухтай, нийт 318 суудалтай тус агаарын хөлөг МИАТ компанийн Улаанбаатар-Берлин, Улаанбаатар-Токиогийн чиглэлд үйлчлэх юм гэж МИАТ компаниас мэдээллээ.