БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хүлээн авч уулзаж, Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
Мөн ноён Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана.
Түүнчлэн төлөөлөгчид “Говь” ноолуурын үйлдвэр, “Гандантэгчинлэн” хийдэд зочилж, Үндэсний музей, Ваацлав Ираасек Skoda автомашины үзэсгэлэн үзэж сонирхох юм.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын
Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетрийн товч намтар
Петр Кинштетр 1951 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Островэц, Пийсэк дүүрэгт төрсөн. Тэрбээр 1966-1970 онд Хөдөө аж ахуйн дунд сургууль, 1970-1975 онд Прага хотын Эдийн засгийн их сургууль, 1976-1978 онд Чехсловакийн Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн институт, Шинжлэх ухааны магистр, 1980 онд Чехсловакийн Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн институт, Эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан.
Түүнчлэн 1980-1983 онд Чехсловакийн Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн институтэд судлаач, 1983-1986 онд Чех Улсын Үндэсний Зөвлөлд мэргэжилтэн, 1986-1989 онд Чех Улсын Үндэсний Зөвлөлийн Боловсрол, Шинжлэх ухааны хорооны нарийн бичгийн дарга, 1989-1992 онд Чех Улсын Үндэсний Зөвлөлийн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга 1992 оноос Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс