-“Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт 2013 онд 520 тэрбум төгрөг төвлөрүүлж, 126 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн “Хэмнэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр импортоор авдаг бараа материалын үнийг зах зээлийн дүнтэй нийцүүлж, хямдруулан худалдан авснаар буюу зөвхөн бараа материалын үнийн зөрүүг арилгаснаар 38 тэрбум төгрөгөөр буулгаж, 34.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна-
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн өчигдөр /VI.30/ сэтгүүлчидтэй уулзаж, үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, ашиг орлого, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “зангиагүйгээр” өгсөн юм. “Эрдэнэт” үйлдвэр нь Монгол Улсын төсвийн орлогын 40 хувийг дангаараа бүрдүүлдэг компани. Энэ утгаараа тус компанийн үйл ажиллагаа байнга хөрөнгө оруулагчдын төдийгүй ард нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн юм. Ц.Даваацэрэн нь тус албан тушаалд томилогдон ажилласнаар үргүй зардал, шахааны бизнесийг устгаж, жилийн дотор 34.9 тэрбум төгрөгийг хэмнэж чаджээ. Уулзалтын үеэр түүний тавьсан мэдээлэл болон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг толилуулъя.
-“Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудтай уулзаж, ийнхүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаагүй. Иймээс танд ийнхүү зангиагүй уулзаж байгаад баярласнаа илэрхийлье. Юуны түрүүнд үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-“Эрдэнэт” үйлдвэр улсын болоод орон нутгийн төсөвт нийт дөрвөн их наяд төгрөг төвлөрүүлснээс өнгөрсөн 2013 онд 520 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн 126 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Дэлхийн зах зээл дээр тонн зэсийн үнэ бидний хүссэн үнэд хүрэхгүй байгаагаас ийнхүү цэвэр ашиг бага зэрэг буурсан. Тодруулбал, 2011 онд дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ есөн мянга гаруй ам.доллар, 2012 онд 8100 орчим мянга, 2013 онд бол 7300, харин энэ жил 6700 орчим ам.доллар болж буурсан. Иймээс эдийн засгийн хэмнэлтийн том бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хэмнэлтийн бодлогын үр дүнд 2013 оны гүйцэтгэлээр нэг тонн цэвэр зэсийн үнийг 5568 ам.доллар болгож мянга гаруй доллараар өөрийн өртгийг бууруулж амжилттай ажиллажээ.
-Эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг боловсруулан ажилласнаар 34.9 тэрбум төгрөгийг хэмнэлттэй ажилласан байна. Хэрхэн энэ их хэмжээний мөнгийг хэмнэж чадсан бэ?
-Хэмнэлтийн бодлогын үр дүнд бол импортоор авдаг бараа материалын үнийг зах зээлийн дүнтэй нийцүүлж, хямдруулан худалдан авснаар буюу зөвхөн бараа материалын үнийн зөрүүг арилгаснаар 38 тэрбум төгрөгөөр буулгаж чадсан. Ингээд л 34.9 тэрбум төгрөгийг хэмнэж чадлаа. Хэдийгээр цахилгааны үнэ 30 гаруй хувиар , төмөр замын тариф 10 хувиар өсч, усны үнэ нэмэгдсэн ч үйлдвэрийн хамт олон хэмнэлтийн бодлогоо сайн барьж ажилласны үр дүнд ийнхүү хэмнэж чадлаа шүү дээ.
-“Эрдэнэт” үйлдвэрийн цөөнгүй инженерүүд “Оюутолгой” руу явсан гэх мэдээлэл байна. Үнэхээр ажилтнуудаа өндөр цалинтай газруудад алдаад байна уу?
-Манайд бэлтгэгдэж байсан сайн инженерүүд буюу ойролцоогоор 30-аад инженер техникийн ажилтан явсан нь үнэн. Гэхдээ “Оюутолгой” манай үйлдвэр хоёр бол асар их ялгаатай шүү дээ. “Оюутолгой” хэдийгээр өндөр цалинтай ч хуарангийн системээр ажиллаж 45 хоног гэр бүлээс нь хол ажиллуулдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнууд гэр бүлтэйгээ хамт байж, ажиллаж амьдардаг. Иймээс тийшээ явсан зарим инженерүүд буцаад ирж байна. Хүний амьдралд тогтвор суурьшилтай ажиллана гэдэг хамгийн чухал юм. Хэрэв арван жил ажиллавал таваас зургаан жилийг гэр бүлээсээ хол өнгөрүүлнэ гэсэн үг. Энэ хооронд гэр бүл, үр хүүхдээ хэрхэн авч явхав гээд цөөнгүй асуудал гарах нь зайлшгүй. Тиймээс би цаашид ажилтнуудаа алдана гэж айхгүй байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, ажиллагсдын 70 хувь нь ОХУ-ын ажиллах хүчин байсан цаг саяхан. Харин одоо ихэнх ажилтнуудын ихэнх хувийг манай улсын иргэд эзэлдэг болжээ.
-Нийт 6000 ажилтан, ажиллагсдын 95 орчим хувь нь манай улсын иргэд байгаа. Үүнээс гол технологийн бодлогыг монгол инженерүүд авч явж байна. Энэ нь өнгөрсөн 35 жилд манай боловсон хүчин хэрхэн өсч өндийснийг, монголд оруулсан хөрөнгө оруулалт ямар үр өгөөжтэй байгааг харуулж байгаа юм. Иймээс бид ОХУ-ын ард иргэдэд баярлаж явах ёстой юм.
-Та ажлаа аваад удаагүй байхдаа “Эрдэнэт”-д 8.6 тэрбумын “үхмэл” хөрөнгө байна, үүнийг худалдан авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Манай агуулахад гурваас дөрвөн сар хэрэглэх сэлбэг материал байх ёстой. Нийт 140 тэрбумын үлдэгдэл байсныг 109 тэрбум болгож бууруулаад байна. Үүнээс 8.6 тэрбумын “үхмэл” хөрөнгө байснаас акталж, худалдаалж, шилжүүлсээр зургаан тэрбум болгон бууруулсан.
-“Эрдэнэт” үйлдвэрт өртэй 105 байгууллага, аж ахуй нэгжийг зарласан. Эдгээр байгууллагууд өрөө барагдуулсан уу?
-Өртэй нийт 105 компаниас 64 компанитай өр барагдуулах гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Харин 20 шахам компанийг хуулийг байгууллагад өгсөн. Заримтай нь асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсэн. Намайг ажил авах үед 240 тэрбум төгрөгийн авлага байсан бол одоо 170 тэрбум төгрөг болж буураад байгаа. Авлагаа нилээд сайн барагдуулсан гэж ойлгож болно.
-Одоо яг ямар ажил төлөвлөн ажиллаж байна вэ?
-Бид бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэр дээрээ томоохон өргөтгөлийн ажил хийж байна. 2011 онд эхлүүлсэн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Зэс хайлуулах чиглэлээр өмнө нь олон жил судалгаа хийсэн. Энэ жилээс эхлэн гадаадын компаниудтай хамтран техник эдийн засгийн үнэлгээгээ хийлгэж байна. Мөн Өмнөд Солонгосын компанитай хамтран бага оврын зэс хайлуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийлгээд дуусч байна. Ингэснээр Өмнөд Солонгосын компанийн хөрөнгө оруулалтаар жилдээ 10 мянган тонн зэс хайлуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. “Эмчилгээ оношлогооны төв” гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төв нь ашиглалтад орсноор Эрдэнэтэд төдийгүй баруун бүсийн иргэдэд үйлчилж хүрэлцэхүйц эмчилгээ оношлогооны төв болох юм.
-Үйлдвэрийн ажилтнууд гурван бодлого есөн чиглэл барьж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Үйлдвэр дээрээ менежментийн бодлогын хувьд өөрчлөлт хийхээр зорьж байна. Тодруулбал, ил тод байх, ангид байх, тодорхой байх гэсэн бодлогын хүрээнд санхүү эдийн засаг, худалдан авалтын бодлого, хүний нөөцийн бодлогыг ил тод болгосон. “Эрдэнэт” үйлдвэрт дарга нарын хүүхдүүд, хамаатан саданг ажилд авдаг гэх хардлага сэрдлэг байнга л байсан. Үүнийг шийдвэрлэх үүднээс ажилд авах журам, хэрхэн ажилд шалгаруулж авсан талаарх мэдээллийг ил тод болгосон. Мөн 2013 оны орлого, зарлагын тайланг бүх ажилчдын өмнө нээлттэй тайлагнасан. Өөрөөр хэлбэл ажилчдын өмнө алдаа дутагдал, ололт амжилтыг хэлэлцсэн гэсэн үг юм. Хангамж худалдан авалтын бодлогыг ил тод болгосноор багагүй мөнгийг хэмнэж, 50 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй бараа материал, сэлбэг төхөөрөмжийг орон нутгийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудаас авч байгаа.
-Дээрхи гурван бодлогын хүрээнд хар данс нээсэн гэсэн. Ямар компаниудыг хар дансанд оруулж байгаа вэ?
-Хуучин бол үйлдвэрээс урьдчилгаа мөнгө аваад алга болчихсон компаниуд цөөнгүй байсан. Энэ асуудлыг зогсоох үүднээс төлбөрийг урьдчилан олгодог байсныг бүрэн зогсоосон. Мөн хар данс нээж манайхаас урьдчилгаа аваад “алга болсон” 105 гаруй компанийг ил тод зарласан. Ийнхүү нийтэд ил зарласан нь олон компанид хүнд туссан байх. Гэхдээ компаниудыг хариуцлагатай болгох үүднээс ийнхүү илчилсэн юм.
-Шинээр маркетингийн товчоо ажиллуулж эхэлсэн гэсэн.
-Хуучин бол хангамжийнхан өөрсдөө гэрээ хийгээд өөрсдөө нийлүүлээд худалдан авдаг байсан. Одоо бол маркетинийн товчоо энэ бүхнийг хянаж, зах зээлийн үнэтэй уялдсан эсэхийг ямар нэгэн “но” орсон эсэхийг шалгаж, нягталж байгаа.
-Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж эхэлсэн нь авлигаас ангид байх зорилготой юу?
-Авлигаас ангид хамт олон болох уриа гаргаад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах гэрээ байгуулж авлигад өртөж болзошгүй албан тушаалтнуудын ажлын байрны жагсаалтыг гаргаж Хөрөнгө орлогыг нь мэдүүлдэг болсон.
-Авлигаас гадна улс төрөөс ангид байгаа гэж танай ажилтнууд ярьж байгааг сонслоо.
-Тиймээ. Үйлдвэр бол улс төрийн байгууллага биш. Энд ажиллаж байгаа ажилчид маань улс төрийн үзэл бодлоор талцан хуваагдахгүй байх нь чухал юм. Мэдээж сонгох, сонгогдох эрх нь сонгуулийн үеэр нээлттэй байна.
Д.ЖАРГАЛ