
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх аж.
Түүнчлэн хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны үйл ажиллагааны тайланг сонсох юм.
Үдээс өмнө мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас эхэлж Үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийж Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр болжээ.
Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг шийдэх нэгэн асуудал байгаа нь Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл байна.
Үдээс хойш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хуралдах бөгөөд Үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийхээс гадна Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
Дээрхи асуудалтай холбоотой хуулийн төслүүд болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Хэлэлцэх асуудлын төгсгөлд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын мэдээллийг сонсох юм.