Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг оношилгоо орон нутагт амжилттай явагдлаа
ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ) хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 4 дэх жилдээ зохион байгуулахаар болж, хэрэгжүүлэгч талууд өнгөрөгч 2-р сард хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн билээ.
Аяны нээлтийг 5-р сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулсан бөгөөд аян хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудад хуваарийн дагуу амжилттай үргэлжилсэн юм. Хавдрын эсрэг аяны үзлэг оношилгоог аяны сүүлийн аймаг болох Увс аймгийн Улаангом хотод 6-р сарын 22-28-ны өдрүүдэд амжилттай явууллаа.
Орон нутагт аян хэрэгжүүлэх эмч нарын баг бүрэлдэхүүн мэс заслын болон үзлэг шинжилгээний гэсэн үндсэн 2 багт хуваагдан нэг аймагт ойролцоогоор 6 хоногийн хугацаанд ажилласан юм. Эдгээр өдрүүдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг орон нутагт сайжруулах гэсэн үндсэн зорилтынхоо хүрээнд ажилласан байна. Аяны үр дүнгээс дурьдвал, эдгээр 9 аймгийн хэмжээнд нийт 14.342 иргэнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулснаас хавдрын урьтал-603, хоргүй болон хортой хавдар-1.178, бусад өвчлөл-6949 илрүүлж, 1.064 эд эсийн шинжилгээ авсан байна.
Аяны хүрээнд хавдрын өвчлөлийн талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх гарын авлага, тараах материалыг аймгийн хавдар судлалын кабинетад хүлээлгэн өгч, 700 эмч мэргэжилтнийг хавдрын оношилгоо эмчилгээний мэдлэг дадлага олгох сургалтанд хамрууллаа. Түүнчлэн умайн хүзүү, хөх, ходоод, элэгний хорт хавдартай хэмээн оношлогдон аймгийн Нэгдсэн эмнэлэг болон ХСҮТ-ийн хяналтанд эмчлэгдэн эдгэрсэн Сүхбаатар аймгийн иргэд “Талархлын баяр” зохион байгуулж, эмч нарт талархлаа илэрхийлсэн нь аян хэрэгцээт газартаа, зорилтот бүлэгтээ хүрч чаддаг гэдгийг илтгэж байна.
ХААН Банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд аянг санхүүжүүлэхээс гадна 5700 ажилтнаараа дамжуулан олон нийтэд хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээж, ард иргэдийн эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Энэ удаагийн аянаар ХААН Банкны 363 ажилтан сайн дурын ажилтнаар бэлтгэгджээ.
Ийнхүү “Хавдрын эсрэг үндэсний аян”-ийг 4 дэх жилдээ орон даяар хэрэгжүүлэн, хүн ардын эрүүл энх амьдралын төлөө нэгэн зорилго дор тууштай нэгдэн хамтран ажиллаж буй ХСҮТ, ХААН Банк, МҮОНРТ, дэмжин ажиллаж буй ЭМЯ, аймгуудын ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл Мэндийн Газрын хамт олон болон нутгийн иргэдэд талархал дэвшүүлж байна.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд зохион байгуулагдах дараагийн ажил болох сэтгүүлчдийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг 9-р сард зарлахаар төлөвлөж байна.