УИХ-ын гишүүн Ж.Батзандантай барилгын салбарын хариуцлагагүй байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөн хором ярилцлаа.
-Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажлыг хийсэн бэ?
-Ажлын хэсэг нэлээд том дүгнэлт гаргасан. Гол агуулга нь 2013 оны үйлдвэрлэлийн улирал эхлэхээс өмнө барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, газрын харилцаа, тендер, төрийн хяналт шалгалтын хуулиудад томоохон өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг тусгасан. Ажлын хэсгийн дүгнэлт маш нарийн судалгаатай, мэргэжлийн олон байгууллагыг оруулсан.
Энэ жил гэхэд есдүгээр сарын байдлаар 20 гаруй хүн барилгын ослоор гэмтэж, амь насаа алдсан. Ер нь нэг жилд ойролцоогоор барилгын ослоос шалтгаалан 50 гаруй хүн амь насаа алдаж байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн осол гэдгээр нь өргөн хүрээнд аваад үзвэл зам, уул уурхай, барилгын салбарт гарч байгаа осол 1000 гаруй байдаг. Үйлдвэрчний байгууллагын судалгаагаар бүр 1500 гэж гарсан байдаг юм билээ.
Үүнээс болж инженер, үйлдвэрлэлийн удирдлагуудад эрүүгийн хариуцлага тооцсон тохиолдол бас бий. Монгол Улсын Үндсэн хуульд монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг тодорхой заасан. Тиймээс ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжтой холбогдуулан гаргах хууль, тогтоомжоо УИХ-аар оруулахаар шийдлээ.
-УИХ-ын төвшинд ярих асуудал хэмээж байгаа ч зарим гишүүдийн хувьд байнгын хороогоор хэлэлцэх асуудал гэсэн?
-Яагаад УИХ-аар оруулж байна вэ гэвэл энэ ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Мөн хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой энэ асуудал Үндсэн хуулиар зохицуулагддаг чухал зүйл. Гуравдугаарт, өдөр бүр барилгын салбарт үйлдвэрлэлийн осол гарч байгаа. Монгол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой энэ асуудлыг УИХ-ын төвшинд ярих ёстой.
Тиймээс Ажлын хэсэг тогтоолоо УИХ-аар батлуулж гаргана. УИХ энэ чиглэлээр тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгнө. Засгийн газар үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хууль тогтоомжийг өөрчлөх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй гэдгийг тайландаа тусгасан.
-Тэгэхээр ирэх жил барилгын ажил эхлэхээс өмнө эрх зүйн шинэ орчин бүрдэнэ гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Бид тэгж найдаж байна.
-Ажлын хэсгийн зарим гишүүд Төв шуудангийн өмнөх барилга үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн байж магадгүй гэлээ. Үүнээс өөр хууль зөрчин баригдсан барилгуудын эздийг нэрлэж болох уу?
-Олон барилга бий. Ажлын хэсэг 590 гаруй барилгад шалгалт хийсэн. 70 гаруй хувь нь зөрчилтэй гарсан. Барилга бүрийн ард албан тушаалын болон авлигын хэрэг нуугдаж байгаа гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс маш нарийн судалгаатай энэ бүхнийг шалгаж, холбогдох этгээдүүдэд эрүүгийн хариуцлага татах нь зүйтэй. Ер нь Монгол оронд хариуцлагатай нийгэм л хэрэгтэй.
Хууль нь хэрэгждэг байх ёстой. Өнөөдөр бид хяналт шалгалт хийхдээ нэг зүйлийг ажигласан. Мэргэжлийн хяналт, Газрын алба, барилгын зураг төсөл хийдэг байгууллагын удирдлагууд авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон байх нь олон баримтаар илэрч байгаа. Тэднийг Авлигатай тэмцэх газарт өгнө. Бид хариуцлагатай нийгмийн төлөө явж, авлигын эсрэг тэмцэж байгаа. Тиймээс УИХ-ын тогтоолоор АТГ тусгай ажлын хэсэг байгуулан шалгалт оруулна.
-Тэнгис кино театрын өмнөх барилга дээрээс төмөр унаж, нэг залуу амь насаа алдсан. Энэ барилга н.Пүрэв гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг гэдгээс өөр хариуцлага тооцох хүн олдоогүй. Тус барилгын жинхэнэ эзэн нь хэн юм бэ?
-Тэр барилга хэнийх байгаад хэн авахыг нь тогтоох чиг үүрэг цагдаагийн байгууллагад бий. Цагдаагийн байгууллагад хүний амь насыг хохироосон барилгын компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг шалга гэдэг үүргийг өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл Улсын мөрдөн байцаах газар. Монгол хүний эрх хаана зарчигдөж байна, тэнд бид очиж ажиллах ёстой. Ер нь төрд нүүрлэсэн авлигын асуудлаас болж Монгол хүн хохирч байгаа гэдгийг хэлмээр байна. Тиймээс ардчилсан төр өөрөө өөрийнхөө алдааг завхруулах үүрэгтэй.
-Авлигатай тэмцэх газар дээр байгуулагдах Ажлын хэсэг хэзээ ажиллаж эхлэх вэ?
-УИХ-аар тогтоол батлагдаад, тэндээс Ажлын хэсэг гарна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолоор бид чиглэл өгөх гээд байна. УИХ-ын чиглэл бол Монголын төрийн хамгийн дээд шийдвэр. Барилгад нүүрлэсэн энэ асуудлыг бид өндөр түвшинд ярих нь зүйтэй гэж ойлгож байгаа.
-Авлига өгсөн албан тушаалтанд хариуцлага тооцохгүй мөртлөө аж ахуйн нэгжид хариуцлага тооцож байгаа нь буруу гэж үзэх гишүүн байна. Өөрөөр хэлбэл, ингэснээр олон иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна гэж үзэж байна?
-Ер нь барилгын салбарт үүсээд байгаа нөхцлийг харахад албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой. Хоёрдугаарт төрийн хүнд сурталтай холбоотой ч бий. Үүнээс үүдээд аж ахуйн нэгжүүд зөвшөөрлөө авч чадахгүй уддаг, эдийн засгийн алдагдалд ордог гэх мэтийн олон асуудал үүсч байна. Тиймээс Байнгын хорооны хуралдаан дээр Барилга хот байгуулалтын сайд ирж, газрын харилцаа, барилга, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжийг өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа хэллээ.
УИХ-ын Үндсэн үүрэг бол хууль баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих. Мөн Засгийн газрыг хянаж ажиллах үүрэгтэй. Тиймээс Засгийн газарт энэ талаархи үүргээ УИХ-ын тогтоолоор өгнө. Монгол Улсад олон асуудал байна. Тэр бүрийг шийдэхийг ард түмэн Их хурлын гишүүдийг сонгосон.
-Үүнээс гадна нэг барилга барих зөвшөөрөл авахад 200 гаруй хоног, 100 гаруй зөвшөөрөл авдаг. Энэ нүсэр үйл ажиллагааг ямар байдлаар зохицуулах вэ?
-Ажлын хэсэг дүгнэлтдээ төрийн хүнд суртлыг бууруулах, авлига хээл хахуулийг арилгах, салбарын тогтолцоог ил тод болгоход арга хэмжээ ав гээд тогтоолынхоо төсөлд оруулчихсан байгаа. Энэ чиглэлд салбарын байгууллагууд анхаарлаа хандуулж, ажиллах ёстой. Ер нь Засгийн газар бүтцээрээ ажиллах ёстой.
-Барилга барих газрыг хууль бусаар авсан талаар дүгнэлтэд орсон байна. Хүүхдийн паркийн хашаан доторхи газрын талаар юу хэлэх үү?
-Тэр зөвшөөрөл хууль бусаар олгогдсон эсэхэд цагдаагийн байгууллага шалгах ёстой. Хууль бус байгааг хууль хяналтын байгууллагуудаар тогтоолгоно. Нийт шалгагдсан 590 гаруй барилгын хууль бус газрын зөвшөөрлийн ард бүгд авлига, албан тушаалын хэрэг байгаа учраас үүнийг АТГ-аар шалгуулна.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин