УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Сангийн сайд Ч.Улаан энэ талаар хийсэн танилцуулгадаа, улсын төсвийн 2013 оны гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газар хуулийн хугацаанд нь гаргаж УИХ-д өргөн мэдүүлсэн. Тайланг бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлгүүдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн тухайгаа дурдав. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Б.Зангад танилцуулсан юм.
Сангийн сайдын илтгэл, Үндэсний аудитын газрын дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан дэд хорооны гишүүн Д.Ганхуяг, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулсны дараа Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын х тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж шийдвэрлэлээ.
Дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын төсөвт 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,010,398.6 сая /дөрвөн их наяд арван тэрбум гурван зуун ерэн найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,683,038.2 сая /дөрвөн их наяд зургаан зуун наян гурван тэрбум гучин найман сая хоёр зуун мянган/ төгрөгөөр батлахыг дэмжлээ. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Үүгээр Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Г.ДАРЬ