УИХ-ын гишүүн Ж.Бат-занданг “Ярилцах танхим” булангийн зочноор урилаа.
-Нийтийн албанд ний-тийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг та УИХ-ын даргад өргөн барилаа. Хуульд өөрчлөлт оруулахын гол ач холбогдол нь юу вэ?
-Оффшор бүсэд манай улстөрчид хөрөнгө байршуулах явдал сүүлийн үед их гарч байгаа юм. Хэвлэл мэдээллээр ч энэ талаар бичиж байгаа. Энэ бүсэд мөнгө байршуулсныхаа төлөө албан тушаалаасаа огцорсон хүн ч байна. Оффшор бүс татвараас нуугдах боломжийг олгодог. Үүний ачаар орлогоо нуун дарагдуулах, нууц хөрөнгөө байршуулах боломжтой. Дэлхийн олон оронд сүүлийн үед оффшор бүсэд их хэмжээний мөнгө хадгалахыг хуулиар хориглож байгаа. Германы хоёр том албан тушаалтан оффшор бүсэд мөнгө байршуулсныхаа төлөө үүрэгт ажлаасаа огцорлоо.
Орос болон АНУ-ын том улстөрчид энэ бүсэд мөнгө байршуулсан нь саяхан илэрсэн. Ийм хүмүүсийн дунд манай улстөрчдийн нэр ч явна билээ. Тэгэхээр үүнийг зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Ийм учраас энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө гадаадад аваачиж нуудаг биш эх орондоо байршуулдаг, хөрөнгө оруулалт хийдэг, хөгжил дэвшлийг дэмждэг байгаасай гэдэг үүднээс хуулийн төслийг өргөн барьж байгаа. Мөн татвараа шударгаар төлдөг байх ёстой.
-Хуулийн төсөл зөвхөн төрийн албан тушаалтнуудад хамаатай юу?
-Төрийн өндөр албан тушаалтнууд энэ хуулийн төсөлд хамаарагдана. Ойролцоогоор 200 гаруй төрийн өндөр албан тушаалтнаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаалтан хамаарагдах ёстой. Нийт мянга орчим хүн энэ хуулийн төсөлд хамрагдана. Энэ хүмүүсийн хөрөнгө гадаадад биш дотооддоо байж, татвараа ил тод байх ёстой гэдгийг хуульд тусгаж өгсөн байгаа.
-Оффшор бүс гэдэгг яг юуг хамааруулах ёстой юм бэ?
-Хуулийн төсөлд энэ нэр томьёог тодорхой тусгаж өгсөн байгаа. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нэр, хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллийн нууцлалыг хангаж, татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт санал болгодог үйл ажиллагааны хэлбэрийг нэрлэдэг. Энэ нь олон улсын нэршил.
-Төрийн өндөр албан тушаалтан нь гадаадын банкинд данс болон хадгаламжтай байхыг хориглож байгаа гэж ойлгож болох уу?
-Албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаандаа болон албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш хоёр жилийн хугацаанд өрхийн болон эхнэр нөхөр, хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг, эхийн нэр дээр гадаад улсын банк санхүүгийн байгууллагад хадгаламж болон харилцах данс эзэмших бүртээ Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж байхаар хуульчилж байгаа.
Мөн гадаадад үл хөдлөх хөрөнгө өмчлөх тохиолдолд тухай бүр АТГ-т мэдэгдэж байхаар оруулсан. Гадаад улсад хөрөнгө эзэмших, зээл авахыг хориглосон зүйл байхгүй. Хамгийн гол нь ил тод байж, холбогдох байгууллагад нь мэдэгддэг байхыг хуульчилж байна.
-Хуулийн хэрэгжилтийг АТГ хянана гэсэн үг үү?
-АТГ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хяналтын эрхийг нь өгч байгаа. Мөн бүртгэх эрхийг нь хуульчилж байгаа юм. Төрийн нууц, аюулгүй байдал, нийтийн эрх ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харьяат эхнэр, эсвэл нөхөртэй Монгол Улсын иргэн нь төрийн өндөр албан тушаалд томилогдох тохиолдолд түүнийг томилж буй албан тушаалтан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэх үүрэгтэй болж байгаа. Энэ бол урьдчилан сэргийлэх нэг систем юм.
Бид хуулийг санаачлахдаа хориглохоосоо илүүтэйгээр өмнө нь мэдэгдэх систем рүү шилжье гэдэг бодлогыг барьсан. Төрийн өндөр албан тушаалтнууд тодорхой хязгаарлалтад орох ёстой гэдэг зохицуулалтуудыг хийж өгсөн байгаа.
-Хуулийн төсөл боловсруулагдаж эхэлсэнтэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөх нь гэсэн шүүмжлэл байсан. Тухайлбал энэ хуулийн өөрчлөлтийг Ц.Оюунгэрэл сайд эмзэглэж хүлээн авсан байх?
-Өмнөх хуулийн төсөлд гадаад эхнэр, нөхөртэй хүн төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллахгүй байхаар тусгаад явж байсан. Хуулийн төсөл боловсруулагдах явцад өөрчлөлт орсон зүйл бий. Хүний эрхийн байгууллагуудаас зөвлөмж авсны дагуу хориглох гэхээсээ илүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдсэн байхад хангалттай гэсэн үндэслэл гарч ирсэн. Ц.Оюунгэрэл сайд яасныг би сайн мэдэхгүй байна. Сайд бид хоёр мөнх биш. Монгол төр мөнх орших ёстой.
-УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг оффшор бүсэд нууц данстай болох нь илчлэгдсэнтэй холбоотойгоор албан тушаалаас нь бууруулсан. Энэ нь дээрх хуульд өөрчлөлт орох үндэслэл болсон гэж ойлгогдож байгаа. С.Баярцогтыг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгагдах ёстой гэсэн байр суурийг та хатуу илэрхийлж байсан. Гэтэл түүнийг цагдаагийн байгууллага шалгасан эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудалд хэр анхаарал хандуулж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээ нээ лттэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд би С.Баярцогт гишүүний талаар байр сууриа илэрхийлж байсан. Татвараас нуугдсан, эс нуугдсан гэдэг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Мэдээж бид үүнийг анхааралтай ажиглаж байгаа.
-Манай төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад дахиад нууц данстай байхыг үгүйсгэхгүй. Оффшор бүсэд нууц данс нээсэн, нууц хөрөнгөө хадгалуулсан хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх боломж хэр байдаг бол?
-Ер нь оффшор бүсэд бүртгэлтэй компани эзэмшдэг, тус бүсэд мөнгө байршуулсан хувь хүн болон хуулийн этгээдийн мэдээллийг олон улсын байгууллагууд ил тод болгож байгаа. Цаашдаа дэлхийн томоохон улс орнууд оффшор бүс байх эсэхийг ярьж байна.
Оффшор бүсийг дэмжих нь эцсийн дүндээ дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа. Улс орны санхүүгийн байдалд маш сөргөөр нөлөөлж тогтвортой байдлыг алдагдуулдаг. Сүүдрийн эдийн засгийг дэмжсэн бодлого болж байна гэж үзэж байгаа. Тийм учраас оффшор бүсийг шахах бодлогыг дэлхий нийтээр барьж байгаа юм.
Бизнесийг ил тод хийх ёстой. Орсон орлогоосоо татвараа шударгаар төлдөг байх ёстой гэдэг систем рүү дэлхий нийтээрээ шилжиж байна.
Т.Амартүвшин
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин