Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд УИХ-д өргөн бариад удаагүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын Ж.Батзандантай ярилцлаа.
-Хамтын тэтгэврийн тухай хууль иргэдийн дунд бас нэгэн хүлээлт үүсгэлээ. Харамсалтай нь МАН-ын бүлэг завсарлага авсан. Хуулийн төсөл санаачилсан таны хувьд байр суурь ямар байна вэ?
-Хамтын тэтгэврийн тухай хууль олон жил яригдсан, нийгэмд хүлээгдэж байгаа хууль гэж бид ойлгож байна. Энэ хууль батлагдан гарснаар ахмад настнуудын нийгмийн халамж, баталгаа сайжирна гэж харж байгаа. Ялангуяа хань, ижил нь тэтгэвэрт гарснаас хойш бурхан болсон, олон хүүхэдтэйгээ ганцаараа үлдсэн, нийгмийн даатгал төлж байсан, улс орны төлөө 20-иос доошгүй жил ажилласан энэ буурлуудын төлөөх хууль юм. Тиймээс манай Ардын намын нөхдүүд ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын парламент энэ жилийн Цагаан сараас өмнө энэ хуулиар ахмадууддаа бэлэг бариасай гэж хүсэж байна.
-Энэ хуулийг баталлаа гэхэд улсын төсөвт дарамт учруулах вий гэсэн гишүүдийн болгоомжлол байсан?
-Хамтын тэтгэврийн сан нь улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүй. Угаасаа буурлууд маань улс орныхоо төлөө зүтгэсэн. Тэд тэтгэвэрт гараад, монгол хүний нас богинохон учраас хорвоогийн жамаар бурхан болдог. Тэтгэврийнхээ шимтгэлийг тэтгэврийн даатгалын сангаасаа авч чаддаггүй ийм тохиолдол маш их байгаа. Энэ хууль Монгол Улсын Үндсэн хуулиуд болон бусад хуулиудтай нийцэж байгаа. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл, эдийн засгийн баталгаагаар хангана гэсэн Монгол төрийн үүрэг байгаа.
-Хамтын тэтгэвэр авах 76 мянган иргэн байгаа гэсэн судалгаа гаргасан байсан. Ямар хүмүүс, ямар шалгуураар хамрагдах боломжтой вэ?
-Хуулийн төсөлд гэр бүл болсноос хойш 10 буюу түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхөр гэдэгт гэр бүл болохоос өмнө буюу гэр бүл болсноос хойш эхнэр, нөхөр хоёулаа тус бүр 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамтран амьдарч гэр бүлээ баталгаажуулсан эхнэр, нөхрийг оруулна гэж заасан. Энэ юуг хэлж байна гэхээр энэ хуулийн бас нэг зорилт нь гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байгаа юм. Тогтвортой, халуун дулаан гэр бүл бол манай нийгмийн үнэт зүйл, тулгуур юм. Олон жил хамтдаа амьдарсан, бие биенээсээ хамааралтай болчихсон хосууд хорвоо дээр олон байдаг. Тэр хүмүүсийг, гэр бүлийг дэмжихэд чиглэж байгаа юм.
-Хууль батлагдвал хамтын тэтгэвэр авах гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэх байх. Тэгэхээр хамрагдах боломжгүй заалтыг оруулсан уу?
-Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй, гэр бүлийн баталгаатай мөртлөө тусдаа амьдардаг эхнэр нөхөр, 20 ба түүнээс дээш насны зөрөөтэй, дахин гэр бүл болж хамт амьдарсан бол энэ хуулийн үйлчлэлд хамааруулахгүй. Яагаад гэхээр Хамтын тэтгэврийн хууль батлагдсаны дараа өндөр настай хүний тэтгэврийг авахын тулд залуучууд гэр бүл салгах, эдийн засгийн сонирхлоор гэр бүл болох зэрэг зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн заалтыг оруулсан.
-Тэтгэмжийн хувь хэмжээ ямар байх вэ?
-Хамтын тэтгэвэр авах эрх үүсч, Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ олгогдсон цагт гэр бүлийн гишүүнийх нь амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг олгоно гэж заасан байгаа.
-Гадаадад ийм төрлийн хууль хэр хэрэгждэг юм бол. Хуулийн төсөл боловсруулахдаа судалж үзсэн үү. Үр дүн нь хэр байсан бэ?
-Дэлхийн олон улс оронд ийм хууль батлан гаргасан байдаг. Тухайлбал, Чили болон Америкт ийм хууль байдаг. Мөн манай хойд хөрш болон Европын холбооны улсуудад бий. Үр дүн нь хангалттай сайн байдаг.
Ж.МАРАЛ